Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан болж, халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд халиа тошинд хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах танилцууллаа.

Тэрбээр “Нийт халиа тошин үүссэн байршилд хийсэн үнэлгээний үр дүнгээр Сонгинохайрхан дүүрэг эмзэг байдлын “маш их” эрсдэлтэй түвшинд байна. Мөн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд “их” эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл халиа тошингийн эрсдэлийн индекс дунд түвшинд буюу өнгөрсөн онтой харьцуулбал нэг дахин бага эрсдэлтэй байна” гэв.

Мөн халиа тошин үүссэн байршлын нөхцөл байдал, хэрэгжүүлэн ажиллаж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өгөв. 2024 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 48,120 метр куб шуудуу татаж, 3800 тонн мөс тээвэрлэж, 450 метр далан босгосон байна. Мөн 93 айлыг нүүлгэн шилжүүлэх дүгнэлтэд хүрч, цаашлаад голын ай савд суурьшсан айлуудыг холбогдох албаныхантай хамтарч нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр байнгын ажиллагаа шаардлагатай ЧД-ийн I, III суваг, БЗД-ийн зүүн уулын суваг зэрэг байршилд үргэлжлүүлэн шар усны аюулаас сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Т.Даваадалай эрсдэлтэй түвшинд байгаа таван дүүргийн 28 хороонд энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гамшгийн шар түвшнийг тогтоож, тухай бүрд хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Таны сурталчилгаа