Монголын үндэсний допингийн эсрэг үндэсний байгууллагын Гадаад харилцааны албаны дарга С.Зүчиэс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Шинжилгээний хариу удлаа гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ. Жишээ нь, 66 бөхөөс шинжилгээ авсан гэх ч одоог хэр нь танилцуулаагүй байна...
-Өнгөрсөн оны 11 сарын 12-ноос 12 сарын 29-ний хооронд бид 30 шинжилгээ авсан. Энэ 30-аас хоёр хариу ирээгүй байгаа. Энэ хоёр хариу ирчихвэл эхний 30 шинжилгээний хариуг зарлана. Сэжигтэй гээд нарийвчилж болдоггүй. Хоёр 7 хоногийн өмнө хариу нь ирээгүй 4 шинжилгээ байсан. Хоёрынх нь хариу ирэх дээ хэрэглээгүй гэж ирсэн. Үлдсэн хоёр шинжилгээ нь энэ сардаа ирчих байх гэж найдаж байна.
-Яагаад хариу удаж ирдэг вэ?
-Зарим нэг бодисуудыг хүн өөрөө дотроосоо үйлдвэрлэсэн байж болдог. Ямар нэг бодис бага хэмжээгээр илэрвэл өөрөөсөө үйлдвэрлэсэн байж болно. Тухайлбал, бактерийн өвчлөл, ангийн мах идэх, засаа идэх гэх мэтээс болж тодорхой хэмжээгээр тухайн бодис үүсэх магадлал байдаг.
ВАДА-гаас юу гэдэг вэ гэхээр тухайн бодис зөвшөөрөгдсөн хэмжээнд байх юм бол үүнийг заавал нарийвчилдаг. Нарийвчлаад өөрөөс нь үүсчхэв үү, гаднаас орчхов уу гэдгийг нарийн үздэг. Ингэхээр цаг хугацаа авдаг. Шинжилгээ авснаас хойш хурдандаа 13 хоног, удаандаа 30 хоног болдог. Тэгэхээр 21-30 хоног болно.
-Бодибилдингийн таван тамирчин допинг хэрэглэсэн гэж холбооноос нь мэдээлэл хийсэн. Тамирчдын зүгээс ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг...
-IFBB буюу Олон улсын бодибилдинг фитнесийн холбоо ВАДА-гийн гишүүн болох өргөдөл өгөөд, тэр ажлын хүрээнд IFBB бүх олон улсад болж буй тэмцээн допингийн хяналттай болсон. Энэ ажлын хүрээнд олон улсын холбоо нь шинжилгээ авах даалгаврыг манайд өгсөн. Өнгөрсөн жил зөвхөн манайхаас гадна олон улсын холбоо нийтдээ бараг 20 гаруй тэмцээн дээр шинжилгээ авсан авсан. Бодибилдинг фитнессийн 57 дахь удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хот, Буян-Ухаад болсон. Олон улсын бодибилдингийн холбоо захиалж, манайхаас сорьц цуглуулсан. Алтан медаль авсан гадаад дотоодын тамирчдаас авсан. МОНАДА шинжилгээг санаачлаагүй болохоор үр дүн нь олон улсын холбоо руу явсан. Бидний зүгээс 20 ширхэг цус, 20 ширхэг шээс, 6 ширхэг цусны шинжилгээ аваад 2 лаборатори руу хувааж явуулсан. Шээсний шинжилгээг Герман улсын лаборатори руу, цусыг Швейцарын Лозанн хотын лабораторид явуулсан юм. Бид зөвхөн сорьцыг авч, хүргүүлж ажилласан. Хариу нь захиалагч холбоо руу очсон. Бид нараар дамжаагүй. IFBB нэгдүгээр сарын 10-нд дотоодын холбоо руугаа и-мэйл явуулсан. Тухайн тамирчдад мэдэгдэх үүргийг дотоодын холбоонд даалгасан.
Нийт энэ 5 тамирчнаас допинг илэрлээ. Үр дүнгийн менежментийн процесс одоо эхэлж байна. Тухайн тамирчин Б сорьцоо өгөх, сорьц дээрээ хөндлөнгийн шинжээч ажиллуулах уу гэх мэт процессын зүйлс явдаг. Хэдий допинг илэрсэн ч тухайн тамирчинд заавал эдлэх эрхүүд нь байгаа шүү дээ. Миний харснаар нэгдүгээр сарын 20-нд дотоодын холбоо тамирчдадаа и-мэйлээр нь мэдүүлэг явуулчихсан байсан. Энэ тал дээр Монголын бодибилдингийн холбоо тайлбараа өгчихсөн байна лээ.
Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо өгөөрэй, сорьцын хүлээж авах хугацааг нь сунгаад өгье гэсэн байна лээ.
-Долдугаар сард явсан шинжилгээний хариу 2 сард ирж байгаа гэсэн үг үү?
-Тухайн мэдэгдэлд тамирчны гарсан бодис, лабораторийн хариу, тамирчны эрх үүрэг болон Б сорьцыг шинжлүүлэх хугацааг заасан байдаг. Олон улсын холбоо ер нь уддаг талдаа. Б сорьж өгөөгүй байхад зарлаж болдог. Нэгэнт А сорьцоо гарсан тул тодорхой хэмжээнд зарлаж болно. Харин тухайн тамирчин Б сорьцоо өгөх эсэх нь нээлттэй. А Б сорьц зөрнө гэж байхгүй.
-Цагаан сарын барилдаанаар мөн допингийн шинжилгээ авахаар болсон гэсэн...
-Бөхчүүдээс 48 цагийн түргэвчилсэн шинжилгээ авна. Хэрэв ямар нэгэн бодис илрэхгүй бол шинжилгээний хариу гуравдугаар сарын 2-ны орой 08:00 цаг гэхэд ирчихнэ. Сэжигтэй хариу гарвал жаахан уддаг. Долоо хоног ч юм уу хүлээдэг.