ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон асуудлаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр, 2024 онд Дорноговь аймаг дахь ахмадын асрамжийн газар нь цэргийн эмнэлгийн зориулалттай барилга байсан бөгөөд хөгц, мөөгөнцөрт идэгдсэн байсны улмаас шинээр барилга барих шаардлагыг хүргүүлсэн боловч барилгын ажлын явц удаашралтай байгааг хяналт шалгалтаар тогтоож, ХЭҮК-ийн даргын албан шаардлагыг аймгийн засаг даргад хүргүүлсэн байна.
Мөн, 2024 оны гуравдугаар сард барилгын ажил удаашралтай байсан тул шаардлагыг дахин хүргүүлсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сард тухайн байр ашиглалтад орж, Говийн бүсийн 18 асруулагчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан гэж мэдээллээ.
Түүнчлэн, шүүхийн цахим санд 2024 оны шүүхийн мэдээлэл тавигдсанаас хохирогч дахин хохирох эрсдэл үүссэн тухай гомдол ирснийг ХЭҮК хянан шалгаж, хохирогчийн таних шинж тэмдэг ил болсон талаар мэдэгджээ. ШШГЕГ-ын хорих байгууллагуудад прокурорын зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлүүлдэг боловч зарим хорих ангид зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлсэн нь илэрч, ХЭҮК хариуцлага тооцохыг шаардсаны дагуу шүүх хариу өгсөн байна. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж өнгөрсөн оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгааг онцоллоо.