Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайд бөгөөд Султаны бие төлөөлөгч Аса’ад Бин Тарик Аль-Саид-ад 2 дугаар сарын 19-ний өдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Оманы Султант Улсын Султан Хайтам Бин Тарик-т хүргүүлж буй захидлыг гардуулав. 

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг бодит агуулгаар баяжуулах хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах, хоёр улсын ижил төстэй байдалд тулгуурлан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсаас Оманы Султант Улс руу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, Оманаас загас, хасарваань, хуурай жимс импортлох боломжтойг онцлов. 

Түүнчлэн талууд төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт санал нэгдэж, цаашид дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов. Мөн талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхож буй асуудлуудаар санал солилцов. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Хааны нэрэмжит дуурийн ордноор зочилж, цаашид уг театрт Монголын дуурийн шилдэг дуучдын тоглолтыг зохион байгуулах, дээд өндөр түвшний айлчлалын үеэр Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулахад хамтран ажиллахаар болов.

Таны сурталчилгаа