Цаг үеийн мэдээ

Ж.Батзандан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож, стратегийн орд газруудтай холбоотой байр сууриа илэрхийллээ

Экс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 2025 оны хоёрдугаар сарын 5-нд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ)-өөр томилжээ. Тэрбээр стратегийн орд газруудын хувь, эзэмшлийг тогтоох ажлын хүрээнд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

"Монголын уул уурхайн салбарт нүүрлэсэн хулгай, лицензийн наймаа, хууль бус үйлдлүүдийг илчилж, баялгийн сандаа орлого төвлөрүүлэх үүрэгтэй томилогдлоо" хэмээн тэрбээр мэдэгдэв.

Түүний хэлснээр, 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг лицензээр дахин олгохыг хориглосон байдаг. Гэтэл уг хуулийг зөрчин, тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Жаргалсайхан хувийн компаниудад эдгээр ордыг олгосон гэж тэрбээр онцолсон.

"Би Засгийн газар, УИХ-д тодорхой саналууд тавина. Хууль зүйн сайдтай хамтран аль орд хууль ёсны, аль нь хууль бус эзэмшилтэй болохыг дүгнэнэ" гэж Ж.Батзандан хэллээ.

Мөн өөрийг нь томилогдсон явдалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг тэр хүлээн зөвшөөрсөн ч "Хулгай хийхээр тохиролцсон хүн томилогдоно гэж хүлээж байсан байх. Тийм зүйл болохгүй. Би төрийн ажлыг авсан бол дуустал нь хийдэг хүн" гэж мэдэгдэв.

Засгийн газрын БЭТ нь онцгой нөхцөл байдал үүссэн үед томилогддог бөгөөд Ж.Батзандан уул уурхайн салбарт хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ мэдэгдээд байна.

Таны сурталчилгаа