XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдааныг МХО-той хамтран гурван насны ангиллаар амжилттай зохион байгуулав.
Тус барилдааны 11-12 насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй /Бат-Өлзий зааны хүү/ үзүүрлэв. Дөрөвт Хүүхдийн ордны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар шалгарлаа.
Уран барилдааны шагналыг Хүүхдийн ордны С.Тэнүүн, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Налайх, 119-р сургуулийн Б.Азжаргал нар гардсан юм.
Дунд нас буюу 13-14 насанд 92 хүүхэд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, өсвөрийн бөх Н.Эрхэмбаяр түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өсвөрийн бөх Х.Хүслэн үзүүрлэв. Гуравт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн өсвөрийн бөх Э.Сод-Эрдэнэ шалгарч, зургаад Завханы Г.Энхтамир, Налайхын С.Шинэ-Идэр, Орхоны Н.Эрхэмбаяр нар үлдэв.
Харин 15-16 насанд 144 хүүхэд барилдсанаас Дархан-Уул аймгийн харьяат, өсвөрийн бөх Р.Омар түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, өсвөрийн бөх Э.Нарантулга үзүүрлэв. Гуравт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Э.Сэрдамба шалгарсан бол тавд Говьсүмбэрийн Б.Батбилгүүн, Ховдын Б.Мөнхбаатар нар үлдэв.
Ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын 23-нд Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харвааны тэмцээнтэй.