Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж байгаа сум, аймгийн салбар холбоод, дэвжээдээс тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааг дүгнэж, сар шинийн босгон дээр тухайн жилийн шилдэг салбар холбоо, дэвжээг шалгаруулдаг уламжлалтай.
Сум, аймгийн салбар холбоо, бөхийн дэвжээд модон луу жилд хийж гүйцэтгэсэн ажлуудын тайлангаа 2025 оны 2-р сарын 26-ны дотор [email protected] э-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн шилдгүүдээр дараах аймаг, сумын салбар холбоод, дэвжээ шалгарч байсан юм.
АЙМГИЙН ШИЛДЭГ ХОЛБОО:
Аймгийн төв болон сумдад албан ёсны уламжлалт болон тойргийн 20 орчим барилдаан зохион байгуулж, жил бүрийн барилдааны хуваарь, ажлын төлөвлөгөөг батлан мөрдүүлж ажилладаг Ховд аймгийн үндэсний бөхийн холбоо
СУМЫН ШИЛДЭГ ХОЛБОО:
Жил бүр тогтмол 20-30 барилдаан зохион байгуулж, сум аймгийнхаа бөхчүүдийг тогтмол бэлтгэл сургуулилалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй, Монгол улсад анхны бөхийн өргөөтэй сум Өвөрхангай аймгийн Уянга сумын "Тайлган Шарав" үндэсний бөхийн холбоо
ШИЛДЭГ ДЭВЖЭЭ:
Шинээр цол хүртсэн бөхчүүдээ бодитой урамшуулж, Төв аймгийнхаа бүх сумдын эрэгтэй хүүхдүүдийг зодог шуудагжуулах аяныг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж буй Төв аймгийн "Дүнжингарав" бөхийн дэвжээ тус тус шалгарч байсан байна.