Монголбанкны мэдээллээр өнөөдөр /2025.02.21/ улсын хэмжээнд инфляци 9.6 хувьтай, Улаанбаатарт 9.7 хувьтай байна. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нэгдүгээр сард улсын нэгдсэн төсөв 776 тэрбум төгрөгний алдагдалтай гарчээ.
Тодруулбал, экспортын орлогыг бүрдүүлэхэд гол жин дарж ирсэн нүүрсний үнэ хагас жилийн хугацаанд 150 ам.доллараас 104 ам.доллар болтлоо буурсан, мөн нүүрс тээвэрлэлт саарсан нь төсвийн орлого тасрах эрсдэл дагуулаад байна. Нүүрсний үнэ унаснаас олборлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн гэх мэдээлэл ч байна.
Нүүрсний үнэ унахын зэрэгцээ биржийн арилжаанд худалдан авагч орж ирэхээ больсон нь том асуудал дагуулж эхлээд байгаа. Сүүлийн хоёр удаа зарласан биржийн арилжаанд худалдан авагч орж ирээгүй юм.
Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрт зөвхөн төмөр замын асуудал тусаагүй. Нүүрс худалдах, худалдан авах, олборлолтын асуудал давхар туссан. Хятадын талаас цогцоор нь асуудлыг явуулах санал тавьсан бөгөөд одоогоор хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан. УИХ-ын хаврын чуулганаар энэхүү хэлэлцээртэй холбогдох гэрээг баталснаар процесс эцэслэх учиртай.
Манай улс 2008 оноос хойш БНХАУ руу гарах Гашуунсухат-Ганцмод төмөр замын асуудлыг ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл барьж чадалгүй, эдийн засгаа бүрдүүлж байгаа нүүрс тээврээ автозамаар тээвэрлэсээр байгаа юм.
17 жилийн турш гацсан төслийг эцэслэх чухал хэлэлцээрийн өмнө улс төр бужигнаж, Засгийн газар тогтворгүй байдлалд орсон нь нүүрсний үнэ унах, экспорт тасалдахад хүргэв үү гэж зарим судлаачид үзэж байна.