Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-29

ЗУН ДУЛААН, ЗҮҮН БҮСЭД БОРОО ИХТЭЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс 2026 оны долоодугаар сараас есдүгээр сар хүртэлх улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Энэ жилийн зун ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол баруун аймгуудад хур тунадас бага, говь болон зүүн бүсэд бороо ахиу орох төлөв ажиглагджээ.

Урьдчилсан төлөвөөс харахад долоо болон наймдугаар саруудад Монгол орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговийн зарим хэсгээс бусад бүс нутгаар халуун өдрүүд олон хоног үргэлжлэх магадлалтай байгаа аж.

Харин есдүгээр сард нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны тухайд баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгаар долоо болон наймдугаар сард хур тунадас дунджаас бага орох төлөв гарчээ. Энэ нь ган, бэлчээрийн доройтол, усны хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Харин Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтийн зүүн хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа бөгөөд аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхи зэрэг аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.

Төвийн аймгуудын хувьд долоо, наймдугаар саруудад дулаан байх боловч хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна. Гэсэн ч түр зуурын усархаг аадар бороо орж, гол мөрний усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүйг цаг уурчид онцоллоо.

Мөн говь болон зүүн аймгуудад сэрүүн, салхитай, хур тунадас ихтэй өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул үер ус, аянга цахилгаан зэрэг байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс улирлын урьдчилсан төлөвийг сар бүр шинэчилж, weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг бөгөөд иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд цаг агаарын шинэчилсэн мэдээллийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10