УДЭТ-ийн жүжигчин М.Тогтохжаргалтай ярилцлаа
-Танд эсрэг талын дүр их оногддог. Нөгөө талаасаа бүтээсэн дүрээ өмөөрч тоглодог гэдэг...
-Жижиг дүр, роль болгон өөр өөрийн онцлогтой. Харин миний хувьд, сүүлийн үед голдуу эсрэг талын дүр дээр ажиллаж байгаа. Магадгүй найруулагчид “энэ дүрийг Тоогийд өгвөл илүү гаргаж чадна, илүү хөгжүүлж чадна” гэж хардаг байх. Гэхдээ хүмүүс намайг гадаад төрхөөр нь зөөлөн, дулаан хүн гэж хардаг. Харин уран бүтээл дээр бол эсрэг дүрийг л түлхүү тоглодог.
Би дүрүүдээ үргэлж өмөөрч тоглодог. Яагаад гэвэл амьдралд, нийгэмд тэр хүмүүс оршсоор л байдаг. Хэрвээ зөв өнцгөөс харуулж чадвал үзэгчид ойлгож, хүлээж авах нь ч зөвөөр болдог. Тийм болохоор хүмүүс “энэ дүр эсрэг талын хүн, хурц байх ёстой” гэж боддог ч, би түүнийг арай өөрөөр зөөлрүүлж харуулдаг.
-Театр, дэлгэцийн уран бүтээл хоёрын ялгаа танд хэр мэдрэгддэг вэ?
-Театрын ажил миний хувьд нэгдүгээрт тавигддаг. Заримдаа чөлөө гарвал, найруулагч нар “Тоогийг чамайг завтай үед нь л авъя” гэж хүртэл хүлээдэг. Үнэхээр сайхан уран бүтээлийн санал ирдэг ч, театрын ажлын улмаас заримд нь амжиж орж чадахгүй үлддэг үе ч бий. Ихэнхдээ л эсрэг талын дүр санал болгодог. Харин кино дэлгэцийн уран бүтээл дээр тийм дүрд тоглохоор, зарим хүн “энэ хүнтэй харьцахад хэцүү байх даа” гэж хүлээж авдаг.
Гэтэл үнэндээ би амьдрал дээрээ маш зөөлөн хүн шүү дээ. Аль болох стрессдэхгүйг хичээдэг. Хэрвээ гомдож байвал шууд л хэлдэг. “Би энэ дээр чинь жаахан гомдлоо шүү” гээд л. Тийм болохоор дотор сэтгэлдээ хураасан юм багатай, сэтгэл амгалан байхыг хичээдэг. Гадагшаа инээгээд, бусдад аз жаргал түгээж явахыг илүүд үздэг.
Зарим хүн намайг ер нь уурлаж байхыг хараагүй л гэдэг. Би өөрөө нээлттэй, эрх чөлөөтэй байх дуртай. Аль болох олонтой, уур амьсгал сайтай орчинд байхыг хүсдэг.
Тайз бол амьд харилцаа. Тэнд үзэгчид бүхнийг мэдэрч, үнэлж, хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ буруу инээмсэглэвэл, худлаа уйлбал, эсвэл текстээ бүдэрч хэлбэл шууд л мэдэгдэнэ. Тийм учраас тайзны уран бүтээлд алдаа гаргах эрх байхгүй. Өөр олон жүжигчин миний оронд дублёр хийхэд ч бэлэн суугаа шүү дээ. Энэ бол уран бүтээлийн цагаахан өрсөлдөөн.
-Таны хувьд амьдралын хамгийн эрхэм зүйл юу вэ?
-Бидний ихэнх цаг ажил дээр өнгөрдөг. Кино, театр хавсарч явахад бүр ч их ажилтай болдог. Тэгэхээр миний амьдралд хамгийн үнэ цэнтэй зүйл бол гэр бүл. Миний нөхөр, хүүхдүүд минь намайг ойлгодог. Зарим өглөө би нөхрөөрөө цайгаа бэлдүүлж гардаг. Хүүхдүүд маань хүртэл: “Ээж их ажилтай байгаа юм чинь, бид гэрээ цэвэрлэчихье, дүү нараа харчихъя, ээжийгээ баярлуулъя” гэдэг. Би орой гэртээ ирэхэд “Алив ээж ээ” гээд цүнх, гутлыг минь тайлаад тосоод авдаг. Тэгээд л ороод л ирэнгүүт өөдөөс алив ээ ээж ээ гээд л миний цүнх гуталыг аваад л тайлаад л өгөх жишээний. Иймэрхүү нөгөө гэр бүлийн амар амгалан байдал надад хамгийн их эрхэм байгаа.
Хамгийн үнэтэй зүйл минь хань, гурван хүүхэд минь. Эмэгтэй хүн болсон хойно, ажил, амьдралаа зэрэг авч явах хэцүү. Гэр бүлээ авч явахын хажуугаар үр хүүхдээ төрүүлж өсгөнө. Энэ бүхний ард гарахад хамгийн том түшиг маань миний ээж байсан.
Дунд хүүгээ төрүүлсний дараа, хүүхэд маань нэг сартай байхад л ээж, нөхөр хоёр маань 'Ажилдаа ор' гээд л дэмжсэн. Жүжигчин хүний ажил чинь тухайн цаг мөчдөө орших учраас би нэг сартай хүүхдээ үлдээгээд тайзан дээр гарсан. Бага хүүхдээ төрүүлээд зургаан сар ч болоогүй байхад театраас дуудаад, бригадаар хөдөө явах шаардлагатай болсон. Хүнд хэцүү байсан ч нөхөр, ээж хоёр минь ар гэрийг маань найдвартай авч явсан болохоор би уран бүтээлээ орхихгүй байж чадсан.
Хүүхдэд маань ой хүрч байх үед нь хагалгаанд орох хэрэгтэй болсон. Гэтэл би хөдөө бригадтай явж байсан. Хамт олон маань намайг тайвшруулж, өөрсдийн чадлаараа таньдаг эмч нар руугаа залгаж, тусалж дэмжсэн. Гэсэн ч тэр мөч бол сэтгэл зүйн хувьд үнэхээр хэцүү байсан. Тийм үед ээж минь л бүхнийг түшээд үлдэж чадсан юм. Ээж минь байсан болохоор л би энэ бүхнийг туулж гарч, өдий зэрэгтэй явж байна.
Уран бүтээлч хүний амьдралд сэтгэлзүйн уналт олон тохиолддог. Заримдаа гэрт ямар нэг асуудал гарах, муу мэдээ сонсох, эсвэл ойр дотны хүнээ алдах ч тохиолдоно. Гэсэн ч бид тайзны ард тийм бүхнээ тайлж, инээмсэглээд гарч ирдэг. Би ч гэсэн ээжийгээ алдаад, ажил явдлыг нь дуусгаагүй байхдаа ч инээдмийн жүжигт тоглож л байсан.
-Урлагийн хүн байна гэдэг жирийн ажил биш. Тоглолт, бичлэг, тайзны ард амьдрал үргэлжилж байдаг. Танд энэ бүхнийг хэрхэн туулдаг вэ?
-Урлагийн хүн гэдэг үүрэг хариуцлагатай. Заримдаа “уучлаарай, энэ удаа тоглож чадахгүй нь” гэх эрх байхгүй. Эфир, хуваарь, бүх юм товлогдчихсон байдаг болохоор өөрийгөө зоригжуулаад, хатуужлаад л тайзан дээр гардаг. Манай хамт олон ч үнэхээр их дэмждэг.
Надад багаасаа эрх танхи өссөн зан байгаа ч, сэтгэл гутрах үедээ дотроо хадгалах биш, хэлж гаргахыг хичээдэг. Уйлаад ч болтугай дотроо онгойлгож, бухимдлаа гаргахыг хүсдэг. Хэн нэгэнд гомдвол шууд хэлчихдэг. Хадгалаад байвал улам хүндрэх шиг санагддаг.
“Анна Каренина”-гийн дүрийг тоглоход хүмүүс намайг дэгжин, ихэмсэг, хүйтэн хүн юм шиг хардаг байсан. Харин амьдрал дээр харьцаж үзэхээр шал өөр хүн байгааг ойлгож гайхдаг. Урлагийн хүн гэдэг нэг талаараа хатуу дэг журамтай, сэтгэл зүрхээ ч дайчилдаг байх хэрэгтэй гэж би боддог. Бүх зүйлд бууж өгөөд байж болохгүй. Бид амьдралтай хүмүүс, ар гэрт асуудал тулгарна. Гэсэн ч бид үзэгчдэдээ, хамт олондоо итгэл найдвар, урам өгч байх учиртай.
-Та ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Гадаад төрхөөрөө Европ хүн шиг харагддаг болохоор түүхэн кинонд гадаад хатан, элч төлөөлөгчийн дүрд тоглох нь элбэг. Гэхдээ би жинхэнэ монгол хатны дүрд, түүхэн монгол эмэгтэйн дүрд тоглож үзэхийг хүсдэг. Монгол эмэгтэй хүн ямар байж болохыг харуулах юм сан гэж боддог.
Манай “The Lover” жүжиг бол орчин цагийн нийгэмд хөл тавьсан, найруулагчийн өвөрмөц шийдэлтэй бүтээл. Уг жүжиг 10 жилийн өмнө Наранбаатар найруулагчийн найруулгаар тавигдаж байхад би гавьяат жүжигчин Амгаа ахтайгаа хамтран тоглож байсан. Энэ жүжиг уран бүтээлчийн дотоод ертөнц, нийгмийн өнгө төрхийг харуулсан онцгой бүтээл байсан.
Тухайн үед яг сэтгэлзүйн драмын жүжигт нэг эмэгтэй хоёр өөр дүрийг зэрэг бүтээх шаардлагатай болсон. Нэг талаас даруухан гэрийн эзэгтэй, эхнэр хүний дүрд тоглоно. Гэр бүлтэй, нөхөртэй, жирийн амьдралаар амьдардаг эмэгтэй. Харин нөгөө талаасаа тэр эмэгтэй нууц амраг болж хувирна. Эдгээр эсрэг дүрүүдийг зэрэг илэрхийлэхийн тулд эхлээд би өөрийгөө тухайн гэрийн эзэгтэйн дүрд оруулж бодсон. "Би бол эхнэр хүн, айлын эзэгтэй" гэж. Харин дараа нь "Хэрвээ би хүний нууц амраг болбол яах бол? Ямар мэдрэмж төрөх бол?" гэж өөрөөсөө асуусан. Ийм байдлаар өөрийнхөө дотоод ертөнцөөр дамжуулж дүрүүдийг амьдруулахыг хичээсэн.
Үзэгчдэд ч бас “Хэрвээ би байсан бол...” гэсэн мэдрэмжийг төрүүлэхийг зорьсон. Театрт орсон цагаас хойш маш олон жүжгүүдэд, олон дүрүүдээр тоглож ирсэн. Анх тайзан дээр гарах тэр мэдрэмж, анхны гол дүрээ авах тэр догдлол, найруулагчийн зүгээс шинэ жүжгийнхээ дүрүүдийг зарлах тэр мөчүүд бүгд л мартагдашгүй.
Заримдаа жүжиг уншиж суухдаа өөрийн эрхгүй "Энэ дүрийг би тогловол ямар байх бол?" гэж өөрөөсөө асуудаг. Жишээлбэл, Толстойн Анна Каренина жүжиг дээр Бетсигийн яриа гэх мэт – тэр гоё үг, тэр мэдрэмж надад хүрч ирдэг. Тэгээд л би энэ дүрийг биелүүлбэл ямар сонин, сэтгэл татам байх бол гэж бодож эхэлдэг. Би өөрөө ер нь их дотоод мэдрэмж өндөртэй, өөрийгөө дүр болгон дээр олон талаас нь төсөөлөх дуртай.
-Та аз жаргалыг хаанаас мэдэрдэг вэ?
-Ажил мэргэжлийн хувьд театр, уран бүтээл бол миний амьдралын онцгой хэсэг. Харин гэр бүлийн хувьд, нөхөртэйгөө анх танилцсан мөч, хүүхдүүдээ төрүүлсэн цаг хугацаа, ээж аав, ах дүүсийн минь хайр халамж гээд үнэхээр олон гоё дурсамж бий. Би инээд муутай л даа, гэхдээ гэр бүлээрээ оройн хоол идээд, кино үзээд, инээлдэж суух тэр л мөчүүд надад хамгийн аз жаргалтай санагддаг. Тэр аз жаргалаас би маргаашийн уран бүтээлийн эрч хүчээ авдаг юм.
Саяхан бид "Тэнгэрийн хүү " жүжгээрээ фестивальд оролцоод амжилттай орж ирсэн. Гэр бүлээрээ тэрнийхээ тухай ярилцаж, баярт дурсамжаа хуваалцсан нь үнэхээр сайхан байсан. Манай бага хүү аймаар сэргэлэн, үргэлж “Өнөөдөр юу тохиолдсон бэ? Ажил дээр чинь гоё зүйл болсон уу?” гээд л асуугаад байдаг.
-Тэнгэрийн хүү жүжгийн тухайд...
-Энэ жүжиг маань анх тавигдахдаа таван цаг гаруй урт байсан. Би анх “Кушаны гүнж Бүни”-гийн дүрд тоглож байсан юм. Сүүлдээ жүжгийн урт хэтэрсэн тул найруулагч зарим хэсгүүдийг хассан. Миний дүр ч багассан. Тэр үед би үнэхээр их сэтгэлээр унаж, Урнаа эгчид уйлаад хэлж байсан. Харин тэр надад “Тоогий, энэ бол бүтээл. Дараа нь харахад чинь энэ бүтээл чинь гайхалтай харагдана” гэж хэлж, их урам өгч байсан.
Одоо яг 10 жилийн дараа энэ жүжиг дахин тавигдаж, шинэ амьдралаар амьсгалж байна. Хүннүгийн үе, Монголын түүхэн замналыг харуулдаг болохоор энэ жүжиг надад үнэхээр ойр, сэтгэлийг минь тэжээдэг юм шиг санагддаг.
-Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе...
-Эцэст нь хэлэхэд, энэ яриаг үзэж, сонсож буй бүх үзэгч түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Зөгий.мн сайтын хамт олонд ч бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Бүгдээрээ эрүүл, аз жаргалтай байж, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн амьдрах болтугай. Баярлалаа.