Нийслэлийн прокурорын газраас жүжигчин Т.Билэгжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Тодруулбал Т.Билэгжаргалыг бусдыг зодсоноос гадна хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, биедээ авч явсан гэсэн хоёр зүйл ангиар яллаж байв.
Түүний эл гэм бурууд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 8 сар 10 хоног хорих ял оноосон /2020 оны тавдугаар сарын 24-ны өдөр/. Харин Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр түүний эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ялаар 7 сарын 9-ний өдөр дүйцүүлэн сольжээ. Ийнхүү ШШГЕГ-ын харъяа 429 дүгээр хаалттай хорих анги төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ял эдэлж байсан Т.Билэгжаргал суллагджээ.