Dark Light
Урлаг соёл | 2026-11-23

У.УРАНЧИМЭГ МУАЖ ЦОЛ ХҮРТЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 
 
Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цол хүртэхээр болжээ. 
 
Тэрбээр 1990–2012 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж, 2013–2025 онд “Хувьсал” продакшны захирал, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажиллан, 2026 оноос төрөлх театртаа эргэн ирж, уран бүтээлээ туурвиж байна. Түүний олон жилийн хөдөлмөр, авьяас билгийг төрөөс өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ.
 
Театрын урлагт 30 гаруй жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн бөгөөд Нина Заречная (“Цахлай”), Розаура (“Садар эрийг номхотгосон нь”), Эсмеральда (“Парисын дарь эхийн сүм”), Гертруда (“Гамлет”), Луйза (“Хар санаа хайр сэтгэл”), Шунхуй хатан (“Тэнгэрийн хүү”), Цэцэр хатан (“Тамгагүй төр”) зэрэг олон дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.
 
Тэрбээр “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээрээ Лондон хотын West End-ийн Колизеум театр, Сингапурын Marina Bay Sands цогцолборт зохион байгуулагдсан олон улсын тоглолтуудад оролцож, Монголын үндэсний драмын урлагийг дэлхийн үзэгчдэд таниулсан. Мөн 2026 онд Санкт-Петербург хотын Александринскийн театрын олон улсын фестивалийн тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр дахин уригдан тоглосон нь түүний уран бүтээлийн замналын онцлох үйл явдал байлаа.
 
Түүний уран бүтээл Монгол Улсын хил хязгаарыг давж, ОХУ-ын Петрозаводск, Санкт-Петербург, БНСУ, БНЭУ, Их Британи, Сингапур, АНУ, ХБНГУ зэрэг улс оронд зохион байгуулагдсан олон улсын театр, киноны наадам, фестиваль, аялан тоглолтуудаар дамжин Монголын үндэсний урлаг, уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхийн үзэгчдэд хүргэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
 
У.Уранчимэгийн олон жилийн уран бүтээлийн хөдөлмөр, мэргэжлийн амжилтыг үндэсний болон олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж, “Гэгээн Муза” наадмын дөрвөн удаагийн шагнал, алтан цом, Доржсамбуугийн нэрэмжит шилдэг дүрийн хошой шагнал, 2014 оны Academy Awards-ын “Шилдэг эмэгтэй гол дүр”, 2016 оны Cinema Awards-ын “Шилдэг эмэгтэй туслах дүр”, 2017 оны “Мөнгөн мод” наадмын “Шилдэг жүжигчин”, 2018 оны БНЭУ-ын “Flo Film Forum”-ын “Амжилтын эзэн” шагнал, 2024 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”, 2025 оны Сан-Диегогийн олон улсын кино наадмын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино”, 2026 оны “Through Women’s Eyes” олон улсын кино наадмын “New Gate Inspiration” шагнал зэрэг олон шагнал хүртсэн билээ.
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08