Dark Light
Нийгэм | 2026-11-23

“БИОКОМБИНАТ” ТӨХХК ЭНЭ ОНД БАГТААН 200 МЯНГАН ТУН ШҮЛХИЙН ВАКЦИН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

“Биокомбинат” ТӨХХК шинээр үйлдвэрлэхээр төлөвлөж буй болон одоо үйлдвэрлэж байгаа малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинуудын туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн явцыг олон нийтэд танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин дотооддоо савлах ажлын хэсгийн үр дүн гарч, бэлтгэл ажлыг хангасан даруйд үйлдвэрлэлийг эхлүүлэхээр болжээ. Ингэснээр 2026 онд багтаан шүлхий өвчнөөс сэргийлэх О хэвшлийн вакцины 200 мянган тунг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.

Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлагийн экспертийн “Техникийн үнэлгээний долоон зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангахаар Мал эмнэлгийн ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон тус үйлдвэрийн дөрвөн талт уулзалтыг арваннэгдүгээр сарын 2-нд зохион байгуулжээ. Улмаар “Биокомбинат” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд ажлаа дуусгаж байгаа бөгөөд энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд тайлангаа хэлэлцүүлэхээр тохиролцсон байна. Экспертийн зөвлөмж биелснээр тус үйлдвэрийн лабораторид бэлэн байгаа 50 мянган тун шүлхийн вакцины өтгөрүүлсэн антиген, тосон адъювантыг савлаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.

Мялзан ба ямааны годронгийн вакцины үйлдвэрлэл

  • Бог малын мялзангийн вакцин: Францын CIRAD байгууллагаас авсан “Nigeria 75/1” омгоор хийсэн судалгааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар баталгаажуулж, эхний ээлжид 50 мянган тун туршилтын загвар вакциныг хатаалганд оруулахад бэлэн болгожээ. Үүнийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, чанар, аюулгүй байдлын стандарт, техникийн баримт бичгийг батлуулснаар хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн байна. Мөн үйлдвэрлэлийн түвшний “TideXcell” тоног төхөөрөмжийг суурилуулснаар жилд багадаа 20 сая тун мялзангийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал бүрдэх аж.

  • Ямааны годронгийн вакцин: Төв аймгийн Алтанбулаг суманд бүртгэгдсэн голомтоос дээж авч шинэ омог гарган авснаар арваннэгдүгээр сарын 3-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид баталгаажуулан Францын CIRAD лавлагаа лаборатори руу илгээжээ. Нийт нэг сая тун вакцин үйлдвэрлэх бэлтгэл хангагдсан бөгөөд эхний цувралын 250 мянган тунг үйлдвэрлэх эсрэгтөрөгч бэлтгэхээр 300 ямаа ашиглан ажиллаж байна.

Үүнээс гадна тус үйлдвэр бог малыг шөвөг яр, колибактериоз, иж балнад, боом, бруцеллёз, цусан халдвар, сахуу, дотрын халдварт хордлого, гахайн мялзан өвчнөөс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд бусад биобэлдмэлийн үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг шат дараатай хийж байгааг мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08