Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Приус-41 маркийн автомашин болон 36 орчим тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, дотроос нь эд зүйл хулгайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Холбогдогч этгээд бусдын дарамт шахалтад орж уг хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна. Хэргийн талаар цагдаагийн албан хаагчдын өгсөн мэдээллийг хүргэе.
УСА-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Бямбасүрэн "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Приус-41 маркийн автомашин хулгайд алдагдсан, мөн 36 орчим тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, доторх эд зүйлийг хулгайлсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаагаар дээрх үйлдлийг Ч гэх этгээд үйлдсэн болохыг тогтоож баривчлан, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэд та бүхэн автомашинаа гэрэлтүүлэгтэй, хяналтын камер бүхий газарт байрлуулж, тээврийн хэрэгсэл дотор үнэт эдлэл, гар утас, цүнх болон бусад эд зүйлсийг ил харагдахуйц орхихгүй байх, автомашинаа бүрэн түгжиж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.
СХДЦГ-ын Гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мандах "Хулгайлах төрлийн гэмт хэрэг нь 17.1-ийн 1 буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зургаан сараас таван жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэлтэй. 17.1-ийн 2 нь болохоор хүндрүүлэх зүйл ангитай, хоёроос найман жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэх одоо ийм эрүүгийн санкцтай гэмт хэрэг байгаа" гэв.
Харин хэргийн холбогдогч Ч "Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан. Би газраас чулуу авч байгаад хажуу талын жижиг цонхыг нь хагалж доторх хаалганы түгжээг нь онгойлгоод машин руу орж, дотроос нь хулгай хийсэн юм. Ер нь их дарамт шахалтад орж тийм үедээ байсан. Хамгийн анх би найзуудтайгаа нийлж эхэлж байхад бол ер нь ихэнх үедээ дарамтад ордог байсан юм. Ер нь ихэнх үедээ бол зүгээр дэлгүүр мэлгүүрээс л хулгай хийлгэдэг. Тэгээд тэр нь даамжраад сүүлдээ тэгээд надад 'энийг хийгээд өгөөч, тэгж өгөхгүй бол ингээд зодно, ингээд хутгална' гээд янз бүрээр ингэж дарамталдаг байсан болохоор би нэг хийгээд үзсэн, хоёр дахь дээр үзсэн, гурав дахь дээр ингээд баригдчихсан" хэмээн мэдүүлсэн байна.
АДМИН







Нийгэм



