“Etsy”-ийн шинэ журам уран бүтээлчдийн бүтээлийг хиймэл оюун ухаан (AI) сургахад ашиглах боломж олгож байна уу гэх асуулт дагуулж байна.
Дэлхийн цахим худалдааны “Etsy” платформ үйлчилгээний нөхцөлдөө өөрчлөлт оруулж, тус платформ дээр байршуулсан уран бүтээлчдийн бүтээлийг хиймэл оюун ухааны (AI) системүүдийг сургахад ашиглах эрхтэй болсон гэх мэдээлэл цахим орчинд өргөн тархаж, жижиг бизнес эрхлэгчид болон бие даасан уран бүтээлчдийн дунд томоохон эсэргүүцэл дэгдээгээд байна.
Арванхоёрдугаар сарын 16-наас хэрэгжиж эхлэх “Etsy”-ийн шинэчилсэн үйлчилгээний нөхцөлийн 5 дугаар бүлэгт хэрэглэгчдийн байршуулсан аливаа контентыг тус компани болон түүний гуравдагч талын түншүүд “хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийг хөгжүүлэх, сургах, турших, сайжруулахад ашиглах эрхтэй” хэмээн тодорхой тусгажээ.
Үүнээс үүдэн хэдэн арван мянган дагагчтай уран бүтээлчид Instagram болон X хуудсаараа дамжуулан “Etsy” дэх дэлгүүрээ хааж буйгаа зарласан бөгөөд зарим хэрэглэгчид тус компани уран бүтээлчдийн зургийг хуулбарлаж, гуравдагч этгээдэд худалдах эрхтэй боллоо хэмээн шүүмжилсэн байна.
“ETSY” КОМПАНИЙН ТАЙЛБАР БА ЭРГЭЛЗЭЭТЭЙ ХЭСГҮҮД
Уран бүтээлчдийн ширүүн эсэргүүцлийн хариуд “Etsy”-ийн Хэрэглэгчийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Оссман арваннэгдүгээр сарын 16-нд мэдэгдэл гаргаж, тус компани худалдагчдын бүтээлийг өмчлөхгүй бөгөөд уран бүтээлийг хуулбарлах зорилгоор AI ашиглахгүй гэдгийг онцолжээ. Тэрээр:
-
Хуурамч хаягийг илрүүлэх: Залилангийн шинжтэй хаяг, зарыг таньж илрүүлэх загваруудыг сургахад AI ашигладаг,
-
Хайлт ба санал болголт: Худалдан авагчдад барааг хялбар олоход туслах зорилгоор зах зээлийн бараа бүтээгдэхүүнийг ангилахад ашигладаг,
-
Борлуулагчдад туслах хэрэгсэл: Борлуулагчдын бизнесийг үр ашигтай удирдахад туслах AI хэрэгслүүдийг бүтээдэг хэмээн тайлбарласан байна.
Гэсэн хэдий ч баримт нягтлах Snopes сайтын шинжээчдийн дүгнэснээр уг асуудалд хэд хэдэн тодорхойгүй зүйл үлдээд байна:
-
Татгалзах (opt-out) эрх тодорхойгүй: Шинэ журамд уран бүтээлчид Нууцлалын бодлогын дагуу татгалзах эрхтэй гэж дурдсан ч тус компанийн Нууцлалын бодлогыг шалгахад AI сургалтаас бүрэн татгалзах ямар ч тохиргоо, баталгаа олдоогүй аж.
-
Сурталчилгаанд ашиглах эрх: “Etsy” нь уран бүтээлчдийн зургийг маркетингийн кампанит ажил, зар сурталчилгаанд ашиглах эрхтэй гэж заасан бөгөөд үүнд хиймэл оюун ухаан (generative AI) ашиглах эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байна.
МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИД, ГАР УРЧУУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?
Олон улсын зах зээлд бүтээлээ борлуулдаг монгол зураачид, график дизайнерууд болон гар урчуудын хувьд “Etsy” нь хамгийн түгээмэл ашиглагддаг цахим талбаруудын нэг юм. Улаанбаатараас болон хилийн чанадаас үйл ажиллагаа явуулдаг монгол уран бүтээлчид гол төлөв монгол зураг, үндэсний хээ угалз бүхий дижитал постер, номын чимэглэл, сарлагийн хөөвөр, ноолууран сүлжмэл эдлэл болон гар хийцийн эсгий урлал, мөнгөн гоёл чимэглэлүүдийг тус платформоор дамжуулан дэлхийн хэрэглэгчдэд хүргэдэг.
Гэхдээ “Etsy”-ийн албан ёсны төлбөрийн систем болох Etsy Payments Монгол Улсад шууд дэмжигддэггүй. Иймд монгол уран бүтээлчид гол төлөв гадаадад амьдардаг ах дүү, түншүүдээрээ дамжуулан дэлгүүр нээх, эсвэл олон улсын компани байгуулан бүртгүүлж бүтээлээ борлуулдаг.
Шинэ журмын хүрээнд монгол уран бүтээлчдэд дараах гол эрсдэл ба сорилтууд тулгарч байна:
-
Өвөрмөц хэв маяг хуулбарлагдах эрсдэл: Монгол зураг, уламжлалт хээ угалз, үндэсний онцлогтой график дизайны бүтээлүүд нь дэлхийн AI загваруудын хувьд ховор дата болдог тул зөвшөөрөлгүйгээр сургалтын материал болж, хэв маяг нь хуулбарлагдах эрсдэлтэй.
-
Өөр платформ руу шилжих хүндрэл: Монгол Улсад “Etsy Payments” төлбөрийн систем шууд дэмжигддэггүй тул манай уран бүтээлчид гадаадад амьдардаг түнш, ах дүүсээрээ дамжуулан олон жилийн турш хэрэглэгчийн бааз, үнэлгээгээ бүрдүүлсэн байдаг. Иймд гадаадын уран бүтээлчид шиг дэлгүүрээ шууд хаагаад өөр платформ руу шилжихэд төлбөр тооцоо, зах зээлийн хувьд илүү хүндрэлтэй тусах юм.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



