АНУ болон Израил Ираны эсрэг цохилт өгсний дараа Ираны тал Америкийн зэвсэгт хүчний эсрэг хийсэн халдлагадаа Илон Маскийн “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашигласныг The Washington Post эх сурвалжуудаас иш татан мэдээлснийг TRT World дамжууллаа.
Нууц илтгэл ба Илон Маскийн уур хилэн
-
Нууц тайлан: АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд танилцуулсан нууц илтгэлд Ираны арми “Starlink”-ийг хэрхэн ашигласан талаар дурдсан аж.
-
Зөвшөөрөлгүй хэрэглээ: “Starlink”-ийг зөвшөөрөлгүй ашигласан хоёр тохиолдол нь Ираны зүгээс АНУ-ын хүчний эсрэг явуулсан ажиллагаатай холбоотой болохыг компанийн баг нь тогтоосныг мэдээд гүйцэтгэх захирал Илон Маск ихэд уурлажээ.
-
Америкийн армийн хямд багц: Мөн АНУ-ын арми нэг талын довтолгооны дронуудаа “Starlink”-ийн цэргийн хувилбар болох “Starshield” дээр ажиллуулахдаа газрын ажиллагаанд зориулсан илүү хямд үнэтэй багцыг ашиглаж байсныг Илон Маскт мэдэгдсэн байна.
Албан ёсны байр суурь ба хяналт
АНУ-ын Батлан хамгаалах яам Reuters агентлагт өгсөн мэдэгдэлдээ сайдын ажлын албанд энэ сэдвээр ийм тайлан ирсэн талаар “мэдээлэлгүй байна” гэжээ.
Хэдийгээр “Starlink” Иранд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй ч тус улсад уг үйлчилгээ идэвхтэй байгааг И.Маск өмнө нь хүлээн зөвшөөрч байсан юм. Украин болон Ираны дайны үеэр хориг арга хэмжээнд орсон этгээдүүд хиймэл дагуулын интернэтийг хууль бусаар ашиглаж буй асуудал олон улсын анхаарлын төвд ороод байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад

