Dark Light
Урлаг соёл | 2025-04-18

АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН ХӨШӨӨГ БОСГОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, XX зууны манлай соёл урлагийн зүтгэлтнүүдийн нэг, Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөөг шинээр баригдсан “Ойрад” театрын гадна талбайд босгохоор боллоо.

Г.Түмэндэмбэрэл нь 1956 оноос хойш Улсын ардын дуу бүжгийн чуулгад (УАДБЧ) 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг тайзнаа амилуулсан юм. Түүний уран бүтээл, авьяас чадвар нь монгол дууны урлагт онцгой хувь нэмэр оруулсан төдийгүй, түүний дуулах ур дүй, өнгө аяс, хэмнэл мэдрэмж нь дахин давтагдашгүй билээ.

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл "Хөх торгон дээл", "Хувиршгүй сэтгэл", "Бүсгүй хүний заяа", "Хүрэн хаалгатай дэлгүүр", "Торгоны хээ", "Будар будрын чулуу", "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Дуу минь", "Бүүвэйл хорвоо", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг олон арван дууг дуулж, тэдгээр нь өнөөдөр ч сонсогчдын сэтгэлд хоногшсон, үе дамжин дуурсагдсаар байна.

Түүний уран бүтээлийн хажуугаар нийгмийн амьдралд ч идэвхтэй оролцсон бөгөөд Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож, Вьетнам, Лаосын төрийн дээд шагналаар шагнуулсан нь түүний олон талт хувь нэмрийн нэгээхэн илэрхийлэл билээ.

Г.Түмэндэмбэрэл нь Увс аймгийн Өндөрхангай суманд төрж өссөн бөгөөд түүний уран бүтээл, төрмөл авьяас, хүндэтгэлтэй зан чанар нь өнөөг хүртэл соёл урлагийн салбарт үлгэр дууриал болсоор байна.

Түүний нэрэмжит хөшөө бол Монголын дууны урлагийн алтан үеийн бахархал болсон энэ эрхэм хүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, залуу хойч үед урлагт үнэнч сэтгэл, тууштай хөдөлмөрийн утгыг ойлгуулах чухал бүтээл болох юм.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10