Dark Light
Урлаг соёл | 2025-04-29

Б.УУГАНБААТАР: ГУДАМЖИНД ХАЙРЦАГ ТАВИАД ДУУЛАХАД ЗОРИГ ИХ ШААРДСАН ДАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хархорин худалдааны төвийн хажуу дахь, 32-ын буудал. Цэнхэр торгон дээл, дурдан бүсээр гоёсон 30 гаруй насны залуу цээл хоолойгоор,

Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтойёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэйеэ

хэмээн дуулах. Түүнийг Бүүвэйбаатарын Ууганбаатар гэдэг. 2010 онд дуучнаар мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, монголын томоохон чуулгад 6 жил дуулаачаар ажиллаж байсан. Өдгөө хайрцаг тавин гудамжинд дуулж, олсон орлогоороо хүмүүнлэгийн ажил өрнүүлж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таны бичлэгийг цахим сүлжээнээс харсан. Их сайхан дуулдаг юм билээ. Хэзээнээс гудамжинд дуулж эхэлсэн бэ?

-Анх Цагаан сарын өмнө бичлэг тавигдаад нэлээд явчихсан байсан шүү. Анхны гудамжны тайз маань Нарантуул худалдааны төв байсан. Самбар тавиад, хайрцаг тавиад гудамжинд дуулахад их зориг шаардсан. Гэхдээ дуулаад эхлэхэд хүмүүс тойроод, бүчиж аваад “Ямар гоё юм бэ”, “Ямар зөв үйл ажиллагаа зохиож байгаа юм бэ”, “Сайхан дуулах юм” гээд ирэхээр урам орж, тэр чигтээ ажил маань урагштай явдаг юм билээ.

-Гудамжинд дуулж, олсон орлогоороо сайн үйлсийн аян хийдэг гэсэн. Ямар зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн бэ?

-Анх боломж бололцоо тааруу хүмүүст хүнсээр ч болов тусалчих юм сан гэж бодоод гарсан. Тэгээд урам ороод нэг айлыг ч болов гэр оронтой болгож яагаад болохгүй гэж бодоод зүтгэсэн. Зүтгэл маань ч талаар бололгүй нэг сайхан гэр бүлд гэр авч өгсөн дөө. Ард түмнийхээ энэ сайхан сэтгэл, буянаар одоо дахиад нэг айлыг гэртэй болгох юм сан гээд ажлынхаа завсар зайгаар дуулаад явж байна.

-Анхны гэр авч өгсөн айлан талаар ярихгүй юу?

-Анхны гэр өгсөн айл маань Сонгинохайрхан дүүргийн иргэд байсан. Хоёулаа ажил хийдэг, тохижилт үйлчилгээний ажилчид. Гэтэл нөхөр нь осолд ороод ажилгүй болсон. Хашаа байшин нь ч хураагдах дээрээ тулсан байсан. Тэр хоёр маань гурван хүүхэдтэй залуу гэр бүл байлаа. Яг эзнээ олж гэр өгч чадсан гэж боддог. Тэр үед тухайн гэр бүл маш их баярласан шүү.

-Зарим хүмүүсийн сөрөг хандлага танд хэр нөлөөлдөг вэ?

-Зарим хүмүүс “Хүнд зүгээр юм өгөөд байх юм”, “Хандив гуйгаад байна” гэж ханддаг. Тийм биш ээ. Өнөө маргаашгүй амьдралд нь тэнхээ хэрэгтэй олон хүн бий. Ажил хийх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдээ хараад гэртээ суудаг өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд олон хүн байна. Би зүгээр л өөрийн чадах хэмжээндээ тусалж байна. Хүнд туслах сайхан шүү дээ.

-Гэр авах гэж хэр их хугацаа орсон бэ?

-Хуучин гэр гэхэд 3–4 сая төгрөг болчихсон юм байна. Шинэ гэр бол 5–6 сая төгрөг хүрч байна. Үндсэндээ нэг гэр авах гэж хоёр жил орчим болсон. Гэхдээ өдөр бүр гарч ирээд дуулаад байсангүй ээ. Цаг уур, улирлын байдлаас шалтгаалж, зун гадаа дуулах боломжтой хугацаа богинохон шүү дээ. Ард түмэн маань олуулаа нэгдэж чадвал уг нь юухан байхав гэж боддог. Заримдаа фэйсбүүк, олон нийтийн сүлжээгээр хандивын ажлаа хийх үү гэж ч бодож байна.

-Одоогоор хэдэн айлд тусалж чадсан бэ?

-Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны эмзэг бүлгийн 16 айлд тусалсан. Тэндээсээ маш гоё урам зориг авч, урмын сайхан үг сонссон. Тэдгээр айлуудад буян болсон байх гэж бодож байна. Хүнд тусална гэдэг өөрт буян ирж, өөрт тус болдог юм билээ. Тэр энергиэрээ ажил маань ч сайхан бүтэж байна. Энэ ажлаа улам томруулах юм сан гэж бодож явдаг. Нийгэмд нөлөөлөх хамгийн хүчтэй зүйл бол урлаг. Дуучин хүн заавал гоё тайзан дээр дуулах албагүй. Миний энэ зогсож байгаа автобусны буудал хүртэл тайз шүү дээ. Ард түмэн маань ижилхэн л ирээд сонсож байгаа. Урлаг бол соён гэгээрүүлэх үйл. Бухимдалтай байсан хүн миний дуулахыг сонсоод уужраад явдаг тохиолдол олон.

-"Уран бүтээлийн тоглолтоо хийгээсэй" гэж олон хүн хүсэн хүлээж байх шиг. Таны хувьд ч ийм бодол битүүхэн байдаг байх...

-Сайхан асуулт байна. Уран бүтээлч хүнд тайзан дээр гараад тоглолт хийнэ гэдэг хамгийн том мөрөөдөл шүү дээ. Ард түмнийхээ энэ хайр буянд хэзээ нэгэн цагт тэр тайзан дээр гараад тоглолтоо хийнэ гэж боддог. Хүсэл минь биелэх байх гэж найдаж явна.

-Таныг дуулж байхад хүмүүс ам бариад байна уу гээд ирж шалгаж байна уу?

-Хүмүүс итгэхгүй, яг хоолойгоороо, ам барихгүй дуулж байна уу гээд дөхөж ирээд чагнадаг. Тэгэхээр нь микрофоноо авчихаар “Аан, энэ чинь дуулаад байгаа юм байна” гээд толгой дохих жишээний. Итгэхгүй үе бас байдаг. Олон цаг дуулаад зогсох чанга гэдгийг хүмүүс мэдээд байна шүү дээ.

-Ямар төрлийн дуунууд ихэвчлэн дуулдаг вэ?

-60, 70, 80-аад оны ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг сонгож дуулдаг. Дуулдаг 40–50 орчим дуу бий. Монголын ард түмэн сэтгэл нэгдэхээрээ үнэхээр сайхан болдог. Дуулж байхад минь ирээд зүгээр өнгөрдөггүй. Ирж баяр хүргээд, ундаа, ус гээд өөрт байгаа бүхнээрээ талархлаа илэрхийлдэг. Энэ бүх сайхан сэтгэл, дэмжлэгийн хүчээр л урагшилж байна.

-Танд шантрах үе гардаг уу?

-Ингэж зогсох хэрэг байна уу гэж шантрах үе бий. Гэхдээ хүнд туслаад, тэр хүнийхээ инээмсэглэлийг харахаар тэр бодол ор мөргүй алга болчихдог. Бүгд л тэр сайхан сэтгэлээ илэрхийлээсэй гэж хүсдэг. Би нийгэмд эерэг хандлага түгээхийг л зорьж байна. Арай эрт энэ ажлаа эхэлсэн бол өшөө олон хүнд тус болох байсан байх гэж боддог.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00