Чех улсад аж төрж буй монголчуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт “Хаврын баяр”-ын 25 дахь удаагийн спортын тэмцээний нээлт 2023 оны 4 дүгээр сарын 7-нд Прага хотын Эдийн засгийн дээд сургуулийн спортын ордонд болов.
Элчин сайд Д.Гансүх тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Чех улсад аж төрж буй манай иргэд зорилгодоо тууштай байж, улс орныхоо нэр хүнд, аав, ээжийнхээ алтан сургаалыг эрхэмлэн хичээж явааг сайшаан тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар 2023-2025 онуудыг Монголд зорчих жил болгон зарласантай холбогдуулан эх орноо сурталчлах, аль болох олон жуулчин Монгол руу илгээх арга хэмжээнүүдэд Чех дэх монголчуудыг идэвхтэй оролцохыг уриалав.
Европ тив дэх монголчуудын дундах ууган баяр болох “Хаврын баярын” 25 дахь удаагийн тэмцээнийг тохиолдуулан сагсан бөмбөг, волейболын спортоор олон жил амжилттай хичээллэж, болзол шалгуурыг хангасан зарим тамирчинд Спортын цол, зэрэг олгосныг нээлтийн ёслол дээр гардуулав. Мөн Чех улсад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сайн сайхны төлөө анхаарч, зөвлөж чиглүүлж, тусалж дэмждэг зарим иргэний идэвх чармайлтыг сайшаан ЭСЯ-ны Өргөмжлөлөөр шагнав.
Энэ жилийн “Хаврын баяр”-т сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд бүтэн багаараа оролцон ЭСЯ-ны шилжин явах цомын төлөө 8 баг өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 30 баг, эрэгтэй, эмэгтэй волейболын төрөлд 19 баг, ширээний теннисний төрөлд 23, шатрын төрөлд 12 тамирчин тус тус өрсөлдөж байна.
Нээлтийн ёслол дээр Ческа Липа хотын Ч.Тэмүүжин дасгалжуулагчтай жүдогийн клубын хүүхдүүд үзүүлэн тоглолт хийж, цугласан олны талархал, хүндэтгэлийг хүлээв.
Элчин сайд Д.Гансүх Хаврын баярт оролцож буй бүх баг тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ эвтэй, найртай, шударга, зоригтой өрсөлдөөнийг эрхэмлэхийг захив.
2023 оны 4 дүгээр сарын 8-нд тэмцээнүүдийн шигшээ тоглолтууд явагдаж, ЭСЯ-ны шилжин явах цомын эзэн баг тодорчээ.