ГЕГ-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Гаалийн улсын байцаагч Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө.
- Монголын гаалийн байгууллагаас БНХАУ-ын гаалийн Цагдаагийн газартай 2022, 2023 оныхоо хамтарсан уулзалтыг хийсэн. Уулзалтаар 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталж, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хар тамхитай тэмцэх ажиллагаанд Монгол Улсаас төлөөлөгч оролцож байхаар тохиролцоонд хүрсэн.
- Энэ 4-р сарын сүүлээр хоёр улсын хилийн гаалийн байгууллагын дарга нарын уулзалт болох гэж байна. Уулзалтаар хилийн гааль буюу боомт дээр тулгарч буй асуудал, цаашид хилийн гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчлөх чиглэлээр тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
- 2023 онд адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгцээ шаардлага ААН-үүдээс ирж байгаа. Тиймээс адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мөн зөгийн балын экспорт хийгдэж эхэлж байна.
- БНХАУ-ын гаалийн байгууллагатай пүүний жин харилцан хүлээн зөвшөөрөх, зарим барааны гаалийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна.
- БНХАУ-ын гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн цагаас эхлэн Монголын гаалийн байгууллага манифестийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл энэ нь real time буюу тэр дор нь хүлээж авч байна гэсэн үг. Ингэснээр гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, худалдааг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх, татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой болсон.