Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм.
Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй.
Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч байна.
Хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хийж байгаа ажил болон цаашдын зорилтоо тодотгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын биеийн тамираар хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран “Президент” спорт цогцолбор байгуулж байна.
Цогцолбор нь 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 хүүхэд, залууст үйлчлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бие бялдрын хөгжлийн цогц боловсрол олгодог байх ёстой гэж үзэж байна.