Баян-Өлгий аймаг "Их Алтай" олон улсын аялал жуулчлал спортын наадмыг наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт буюу 10-19-ний хооронд 9 өдрийн турш зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус наадмын зорилго нь "Алтай-бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд болох Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ-ын хил дамнасан хамтын ажиллагааны түншлэлийг өргөжүүлэх, рафтинг, уулын авиралт, загасчлах спорт, олс таталт, мотоциклийн аяллын тэмцээн, нордикийн алхалт, усны аяллын тэмцээн, явган аялал, гар барилдаан, бухаша тартыс зэрэг спортын төрлүүдийг хөгжүүлэх, туршлага солилцоход чиглэгдсэн.
Наадамд Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ гэсэн 4 улсын төлөөлөл, баг тамирчид оролцох бөгөөд энэ жил спортын 17 төрлөөр зохион байгуулагдана.
“Их Алтай” аялал жуулчлал-спортын наадам нь “Алтай бид бүгдийн орон гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд Их Алтайн нурууг дамнан орших улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн болдгоороо онцлогтой.
Тухайлбал, 2013 онд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг дэвсгэр Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт, 2019 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулагдсан аж.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.greataltai.com цахим хуудаснаас авч болно.