Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Өсөхбаярын аав Ц.Гэлэгжамцаас сэтгэгдлийг нь сонслоо.
-Таны хүү олон удаа таныг баярлуулж байсан байх. Өнөөдөр бас л баярлуулаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг хүртлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баяртай өдөр. Төр түмний их баяр наадмын өмнө хоёр хүүгийн минь төрсөн нутаг Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойн босгон дээр хүү минь Хөдөлмөрийн баатар боллоо. 10 жилийн өмнө яг энэ өдөр Дархан аварга цолыг бас энд авч байлаа. Хүү минь намайг олон удаа баярлуулж, олон удаа шагнал хүндэтгэл хүртэх ёслолд нь оролцож явна даа ах нь. Үндэсний бөхөөр энэ жил барилдахаар бэлтгэл хийсэн. 40 дэх жил нь болж байна. 1984 онд аймгийн хүүхдийн барилдаанд барилдаж, аймгийн шонхор цол авч байсан. Чөлөөт бөхөөр 1988 онд залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Ингээд бодохоор их олон жил монголын бөхийн ертөнцөд зүтгэжээ. Түүнээс гадна Алдар спорт хороо гэж монголын спортын томоохон байгууллагыг удирдаад 10 гаруй жил болж байна. Хүүгээ зөвхөн бөхөөр зогсохгүй спортын зүтгэлтэн юм гэж ойлгож байгаа. Ингээд та бүхэндээ төрийн наадамдаа сайхан наадаж, зунаа сайхан өнгөрүүлж, дэлгэр сайхан зусаж, намаржаарай гэж ерөөе.