Хот суурин газрын 63, хөдөлгөөнт 75 нийт 138 хяналтын цэгт 273 алба хаагч үүрэг гүйцэтгэж, мал, мах тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, холбогдох зөвшөөрөл,мал эмнэлгийн гэрчилгээнд хяналт шалгалт хийн ажиллаж байна. Шалгалтаар мал энэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлж, зөрчлийн тухай хуулийн 12-ийн 5-р зүйлд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Экологийн цагдаагийн албаны эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч,цагдаагийн ахлах ахлагч Б.Алтаншагай:
Мал мах-2026 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот руу идэш болон малаа тээвэрлэж буй иргэд тухайн нутаг дэвсгэрийнхээ малын эмчээс гарал үүслийн код авч тээвэрлэх нь чухал. Энэ нь
-
Малын хулгай
-
Малын элдэв өвчлөлөөс сэргийлж байгаа учраас заавал авах шаардлагатай.
Малчдын төлөөлөл Ж.Отгонбаатар:
Гарал үүслийн код бол байхаас өөр аргагүй. Гарал үүслийн кодтой болсноос хойш малын хулгай эрс буурсан. Тэр тусмаа Улаанбаатар хоттой ойрхон нутагладаг Төв аймгийн малчид бидэнд их мэдрэгдэж байгаа. Тиймээс малчдадаа гарал үүслийн гэрчилгээтэй явж байгаарай гэж хэлмээр байна.
Хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлснээр гарал үүсэл нь тодорхойгүй мал маханд хяналт тавих, хулгайн замаар олж авсан малыг тээвэрлэх,борлуулах боломжийг хязгаарлах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болж байна.
Мөн иргэд мах худалдан авахдаа худалдаалагчийн мэдээлэл, мал эмнэлгийн гэрчилгээ, бүтээгдэхүүний гарал үүслийг нягталж баталгаагүй эх үүсвэрээс худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын, мал эмнэлгийн хяналтын байцаагч Б.Нэргүй:
Мал эмнэлгийн хяналтаар орон нутгаас орж ирж буй мал махнуудыг мал эмнэлгийн нэгдсэн систем дээр цахимаар шалгаж бүртгэдэг. Мал эмнэлгийн нэгдсэн системд орон нутгийн мал эмнэлгийн нэгжүүд бүртгэлээ үүсгээд, тухайн орон нутгийн байцаагч нар баталгаажуулдаг. Дараа нь Улаанбаатар хотыг тойрсон хяналтын цэгүүд дээр Нийслэлийн мал эмнэлэг давхар хяналт оруулдаг. Дараа нь хүнсний зах дээр очоод дахин хяналтад ордог. Ингэж 4-5 шатлалт хяналтаар баталгаажиж байж иргэдийн гар дээр хүнсний мах очдог.
Жолооч нарын төлөөлөл М.Амаржаргал:
Хулгайн мах, хонь мал ачигдахгүй гэж гарал үүслийн гэрчилгээ шалгадаг байх. Жолооч нартаа ямар нэг зөрчилгүй, мал эмнэлгийн гарал үүслийн бичгээ заавал баталгаажуулж гараарай гэж хэлмээр байна.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм


