Dark Light
Гадаад | 2026-11-24

ДАЛАЙ ВАНГИЙН ЦААНА “ЕС ДЭХ ГАРАГ”-ААС ӨӨР НУУЦЛАГ ГАРАГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Далай ван гарагийн цаана нуугдаж буй бас нэгэн нууцлаг гараг байж болзошгүй бөгөөд энэ нь “Ес дэх гараг” биш юм

Манай Нарны аймагт эрдэмтдийн олон жилийн турш хайж ирсэн алдарт “Ес дэх гараг”-аас (Planet Nine) өөр, Дэлхийгээс хоёр дахин том жинтэй бас нэгэн нууцлаг гараг нуугдаж байж болзошгүйг одон орон судлаачдын шинэ загварчлал харууллаа.

Далай ван (Neptune) гарагийн цаадах хүйтэн орон зайд зарим мөсөн биетүүд эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй хачирхалтай тойрог замаар эргэлддэг. Харин саяхан хийсэн компьютерын загварчлалаар Дэлхийгээс хоёр дахин их масстай нууцлаг гарагийн татах хүч эдгээр хачирхалтай хөдөлгөөнийг үүсгэж байж болзошгүйг тогтоожээ. Эрдэмтэд уг таамаглаж буй гарагийг “Planet X2” хэмээн нэрлэсэн бөгөөд Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгийн сэтгүүлд (Monthly Notices of the Royal Astronomical Society) судалгааны үр дүнгээ нийтэлсэн байна.

Нарны аймаг албан ёсоор 8 гарагтай бөгөөд Дэлхийн ван (Плутон) 2006 онд одой гарагийн ангилалд шилжсэн. 

Таамаглалын үндэс: 2016 онд судлаачид Далайн вангийн цаадах зарим мөсөн биетийн тойрог замын хачирхалтай бөөгнөрөл, хазайлтыг тайлбарлахын тулд том гараг байж магадгүй гэж дэвшүүлсэн. 2025 оны шинжилгээгээр зарим тооцоололд Дэлхийгээс ~4.4 дахин их масстай, Нарнаас дунджаар ~290 одон орны нэгж (о.н.) зайд орших байдлаар тооцоолсон. 

Далай ван гарагийн цаадах хачирхалтай ертөнц

Далай ван гарагийн цаана Нарны аймаг үүсэх үеийн үлдэгдэл мөсөн биетүүдээс тогтох Койперын бүс оршдог. Тэндхийн ихэнх биетүүд тодорхой тойрог замаар эргэлддэг ч бүр алс хязгаарт орших “Седна” (Sedna) зэрэг биетүүд Нарнаас Дэлхий хүртэлх зайнаас 76 дахин хол зайд сунасан тойрог замаар, эсвэл Нарны аймгийн үндсэн хавтгайгаас 45 градусаас дээш хазайсан өнцгөөр эргэлддэг аж.

Японы Киндай их сургуулийн судлаач Патрик София Ликавка, Вашингтоны их сургуулийн Педро Бернардинелли болон Өмнөд Квинсландын их сургуулийн Жонти Хорнер нар Нарны аймгийн 4.5 тэрбум жилийн түүхийг компьютерын загварчлалаар сэргээн туршжээ. Тэд одоо мэдэгдэж буй дөрвөн аварга гараг болон эрт үед Нарны аймгаас шидэгдэн гарсан жижиг гарагуудыг загварчлалд оруулсан боловч одоогийн хачирхалтай тойрог замуудыг тайлбарлаж чадаагүй байна. Харин алс холын тойрог замд хэдэн тэрбум жилийн турш оршин тогтносон нэмэлт гарагийг оруулж тооцоход дээрх хачирхалтай тойрог замууд анх удаа яг таг үүсчээ.

“Planet X2” ямар харагдах бол?

Загварчлалаас харахад “Planet X2” нь Дэлхийгээс хоёр дахин их масстай бөгөөд Нарнаас дунджаар 350–500 одон орны нэгжийн (нэг одон орны нэгж нь Дэлхийгээс Нар хүртэлх зай) алсад оршиж байна. Наранд хамгийн их ойртох үедээ ч Дэлхийгээс 200 дахин хол зайд байх бөгөөд Нарыг нэг бүтэн тойроход 6,500–11,000 жил зарцуулдаг аж. Ийм хол зайд Нарны гэрэл маш бүдэг тусах тул энгийн дурангаар түүнийг шууд харах бараг боломжгүй юм.

Эрдэмтдийн олон жил хайж буй “Ес дэх гараг” нь Дэлхийгээс хэд дахин том жинтэй, зарим алсын биетүүдийн тойрог замыг нэг чигт бөөгнөрүүлж байдаг гэж үздэг бол “Planet X2” нь түүнээс жижиг бөгөөд хэт хазайсан болон алслагдсан тойрог замуудыг тайлбарладгаараа ялгаатай. Судлаачдын үзэж буйгаар Нарны аймгийн хязгаарт энэ хоёр гараг хоёулаа оршиж байхыг ч үгүйсгэхгүй.

Таамаглалыг шалгах шинэ боломж

Хэдийгээр энэ нь одоогоор шууд нээлт биш боловч 2026 онд Чили улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн Вера К. Рубины одон орны оргилын асар том камер нь өмнөх дурангуудын илрүүлж чадаагүй маш бүдэг мөсөн биетүүдийг бүртгэх чадвартай болжээ. Саяхан буюу аравдугаар сард тус оргил Дэлхий ван гарагийн цаанаас “2026 ED138” хэмээх одой гарагийн нэр дэвшигчийг илрүүлсэн нь цаашид алс холын биетүүдийн тойрог замыг нарийвчлан судалж, “Planet X2” үнэхээр оршин байгаа эсэхийг батлах боломж нээгдсэнийг харуулж байна.


 




Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08