Dark Light
Спорт | 2026-06-02

WADA-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-ын Ерөнхийлөгч Витолд Банкатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Уулзалтын эхэнд ноён Витолд Банка WADA-гийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ажиллах төлөвлөгөөтэй байгааг дурдаж, баталгаат лабораторийн шинжилгээний мэдээллээр Монгол Улсын тамирчдын допингийн хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгааг танилцуулж, хамгийн их зөрчил илэрч буй үндэсний спортын төрлүүдэд допингийн эсрэг дүрмийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
 
Сайд Ж.Алдаржавхлан Монгол Улс 2002 онд тус байгууллагад элссэнээс хойш “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр дотоодод болон олон улсын түвшинд идэвхтэй анхаарч ажиллаж ирснийг тэмдэглэн хэлэв. Түүнчлэн 2027 оноос хэрэгжиж эхлэх WADA-гийн шинэ дүрмийг Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.
 
Олимп, тив, дэлхийн тэмцээнд тамирчдаа улсынхаа тугийн дор оролцуулах эсэхэд шийдвэрлэх нөлөөтэй тус байгууллагын арга хэмжээнд Монгол Улс анх удаа сайдын түвшинд ач холбогдол өгч оролцож буйд Ерөнхийлөгч Витолд Банка талархал илэрхийлэв. Улмаар 2027 оноос мөрдөгдөх шинэ дүрэм, олон улсын стандартыг дотоодын хууль тогтоомжид нийцүүлэх, үндэсний допингийн эсрэг байгууллагынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг салбарын сайдаас хүслээ.
 
Мөн “Дэлхийн допингийн эсрэг мэдээлэл болон мөрдөн шалгалтын сүлжээ” (GAIIN) төслийн хүрээнд Монгол Улсын допингийн эсрэг байгууллага, хууль сахиулах болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд улсын хилээр допингийн төрлийн бодис нэвтрүүлж, худалдаалдаг олон улсын томоохон сүлжээг таслан зогсоож чадсаныг WADA өндрөөр үнэлж, тусгай шагнал хүртсэн Монгол Улсын сайн туршлагыг энэ удаагийн симпозиумын үеэр бусад орны төлөөлөгчдөд танилцуулж байгааг ноён Витолд Банка онцлон тэмдэглэлээ.
 
Уулзалтын төгсгөлд Сайд Ж.Алдаржавхлан Дэлхийн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, дотооддоо олон улсын гэрээ, дүрмийг чанд мөрдүүлэн, цаашид спортын салбарт "СЭРГЭЭШЭЭС БҮРЭН ТАТГАЛЗСАН УЛС" болохын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10