Японы Токио хотын "Кокугикан" ордонд 15 хоногийн турш үргэлжилсэн намрын тэмцээний сүүлийн өдөр (сэнсюраку) Ёкодзуна Оносато Озэки Аонишикиг (Украин) цуврал мэхээр илүүрхэн ялснаар аваргын алтан цомоо албан ёсоор гардсан байна.
.jpg)
Спортын төрөлжсөн цахим хуудас болох Nikkan Sports News мэдээлснээр уг башёгийн сүүлийн өдөр Озэки Киришима Тэцүо (Бямбачулууны Лхагвасүрэн) Озэки Котодзакураг уватэнагэ буюу дээрээс барьж шидэн ялснаар катикоси буюу даваагаа 50 хувиас давуулж амжилттай дуусгалаа.
Харин 41 настай ахмад дайчин Тамаваши Ичиро (Батжаргалын Мөнх-Оргил) сүүлийн барилдаандаа Каё-д унаснаар нэмэлт барилдаанд оролцох боломжоо алдсан байна. Дзюрё зиндаанд 25 настай Китановака түрүүлсэн бол энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн Украины Сиси, Тувагийн Рога, Казахстаны Кимбодзан нарын гадаадын бөхчүүд башёг уналт давамгайлсан үзүүлэлттэй өндөрлүүлжээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Багш нарын зөвлөлийн дарга Хаккакү ояката түрүүлсэн Ёкодзуна Оносатог онцгойлон сайшааж, түүнийг дэлхийн зиндаанд цор ганц гэдгийг баталлаа гэж мэдэгдлээ.
Аки башёгийн сүүлийн өдөр Оносато Украины залуу озэки Аонишикиг дэвжээнээс түлхэж гарган ялснаар түрүүлэх болзлоо хангасан бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр аварга Оносато сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлжээ.
Японы "Никкан Спорт" сонины сурвалжилснаар Хаккакү дарга хэлэхдээ, Аонишики шиг ийм ирээдүйтэй, хүчтэй бөхийг тэгж хялбархан барьж, өөрийнхөө барилдааны урсгалд оруулан дарамталж чадах бөх бол өнөөдөр зөвхөн манай ганц Ёкодзуна Оносато юм гээд түүнийг жинхэнэ аваргын дайтай байж чадсаныг тэмдэглэжээ. Энэ удаагийн тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг сумогийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй шүүгч болох Кимүра Шёоносүкэ өөрийн тэтгэвэрт гарахаас өмнөх хамгийн сүүлчийн дээд зиндааны барилдаан болгон шүүж удирдан явуулсан байна.
ТАТАР МАЙДАР







Спорт




