Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы нээлтэд оролцож, 2027 оны төсвийн бодлого, эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Засгийн газар ирэх оны төсвийн хүрээнд татварын ачааллыг бууруулах, татварын тогтолцоог шинэчлэх, төсвийн орлогын бүтцийг өөрчлөх бодлого баримталж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, татварын багц хуулийн өөрчлөлтөөр иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулахаар тусгажээ.

Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 23,430 орчим аж ахуйн нэгжийг сар бүр НӨАТ-ын ачаалал, тайлан гаргах шаардлагаас чөлөөлж байна. Мөн жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжид ААНОАТ-ын нэг хувийн зохицуулалт үйлчилнэ.
Өмнөх жилүүдэд төсвийн орлогын 90 гаруй хувийг татварын орлогоор бүрдүүлдэг байсан бол ирэх оны төсвийн нэг онцлог нь татварын бус орлогын эзлэх хувийг нэмэгдүүлж, татварын орлогын хамаарлыг үе шаттай бууруулахад чиглэсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, татварын бус орлогын төсвийн нийт орлогод эзлэх хувийг 2027 онд 21 хувь байхаар тооцсон бол, 2030 онд 35 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Энэ нь нэг талд төрийн өмчит компаниудын төсвөөс гадна явж ирсэн ашгийг төсөвт оруулж, тэдний үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талд тэр хэрээр иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах алхам гэдгийг онцоллоо.

Мөн 2027 оны төсвийн хүрээнд хэрэгжүүлэх онцлох есөн шийдвэрийг Ерөнхий сайд танилцууллаа. Үүнд 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, 14 мянган өрхийг орон сууцтай болгох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлөх, ногоон шилжилтийг дэмжих зэрэг бодлого, арга хэмжээ багтаж байна.







Нийгэм

