Dark Light
Спорт | 2026-10-03

НАРАНХИШИГ АЗИЙН НААДМЫН ЖИҮ-ЖИЦҮГИЙН ТӨРЛӨӨС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Баасанжаргалын Наранхишиг "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын жиү-жицүгийн төрлөөс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж, Монгол Улсын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүллээ! Япон улсын Нагояа хотын "Aichi Prefectural Martial Arts Hall" ордонд үргэлжилж буй жиү-жицүгийн тэмцээний эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд тэрбээр ийнхүү тивийн шилдэг тамирчины нэг гэдгээ батлан, Төрийн далбаагаа мандуулсан байна. 

Япон улсын Айчи-Нагояа хотноо зохион байгуулагдаж буй Азийн зуны XX наадмын жиү-жицүгийн тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид ээлжит медалиа халаасаллаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд МУБИС-ийн Биеийн тамир, спортын сургуулийн "JUMP" хөтөлбөрийн оюутан, "Жамп Монголиа" академи болон "Арвижих Ган Инженеринг" ХХК-ийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг хүрэл медаль хүртэж, Нагояагийн дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа.

Тэрбээр хасагдах шатны шөвгийн барилдаануудад Тайланд улсын тамирчин Аксарапак Сиримак, Вьетнам улсын бөх Нгуен Тхи Минь Вуонг нарыг дараалан ялж, шилдэг дөрвөн тамирчны тоонд үлдсэн юм. Үүний дараа зооны аваргын төлөө Филиппин улсын бөх Александриа Луз Энрикезтэй хариуцлагатай барилдаан хийсэн байна.

Улмаар медалийн өнгө шийдэх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Филиппин улсын шилдэг тамирчин Андреа Лоис Лаотой хүч үзэж, үндсэн цагт 2:0 онооны харьцаагаар илүүрхэн ялснаар Азийн наадмын хүрэл медалийн подиумд гишгэлээ. Эх орныхоо нэрийг тивдээ өндөрт өргөсөн Баасанжаргалын Наранхишиг болон түүний баг дасгалжуулагчдад халуун баяр хүргэе!

Энэхүү жингийн алтан медалийг Тайландын тамирчин Орапа Сенатрам хүртэж Азийн наадмын аварга болсон бол мөнгөн медалийг Филиппиний Александриа Луз Энрикез хүртсэн байна. Харин хүрэл медалийн тавцанд манай тамирчин Б.Наранхишигтэй хамт Казахстан улсын тамирчин Мариан Журавлева зогссон юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19