Монгол Улсын тамирчин Шаравжамцын Энхийн-Одыг (Mike Sharavjamts) NBA-ийн Орландо Мэжик (Orlando Magic) баг албан ёсоор бүрэлдэхүүндээ нэгтгэж, "Exhibit 10" гэрээ байгуулсан байна.
"Exhibit 10" гэрээ гэж юу вэ?
Энэ нь NBA-ийн багууд залуу тамирчдыг өөрийн харьяа бэлтгэл хангагч баг буюу хөгжлийн лигт (G League) тоглуулах, эрхийг нь өөртөө үлдээх зорилгоор байгуулдаг, ихэвчлэн нэг жилийн хугацаатай, баталгаажаагүй хамгийн доод хэмжээний цалинтай гэрээ юм.
Сэтгүүлч Жейсон Биди (Jason Beede) болон спортын томоохон хэвлэлүүдийн (CBS Sports, Yahoo Sports) мэдээлснээр, Орландо Мэжик баг Ш.Энхийн-Одтой гэрээ байгуулсан тухайгаа зарлаад, удалгүй түүнийг үндсэн багаасаа чөлөөлөх (waive) шийдвэр гаргасан. Энэ нь гэрээ цуцлагдаж, хасагдсан гэсэн үг биш бөгөөд NBA-ийн багуудын өргөн ашигладаг ердийн тактик, албан ёсны процесс юм.
-
Зорилго: Ингэж чөлөөлснөөр Орландо Мэжик баг Ш.Энхийн-Одын хөгжлийн лигт тоглох албан ёсны эрхийг (G League Rights) зөвхөн өөрийн харьяа багтаа үлдээж баталгаажуулж байгаа хэрэг юм.
-
Хэрэв Ш.Энхийн-Од Орландо Мэжик багийн харьяа, G League-ийн Осеола Мэжик (Osceola Magic) багт 60-аас доошгүй хоногийг өнгөрүүлбэл үндсэн цалин дээрээ 91,000 ам.доллар хүртэлх урамшуулал бонус авах эрхтэй болно.
Түүнд ямар боломж байна вэ?
Ш.Энхийн-Од энэ улиралд Osceola Magic багийн бүрэлдэхүүнд багтаж, NBA G League-т тоглоно. Хөгжлийн лигт тоглох хугацаандаа өөрийгөө сайн харуулж, ур чадвараа баталж чадвал:
Орландо Мэжик баг түүний гэрээг "Two-Way" гэрээ (Үндсэн баг болон G League-ийн багт зэрэг тоглох эрх) болгон ахиулах боломжтой.
-
Эсвэл NBA-ийн үндсэн баг руу шууд дуудагдан (call-up) тоглох бүрэн боломж нээлттэй хэвээр байна.
Хэдийгээр шууд үндсэн багийн ростерт үлдээгүй ч, энэхүү гэрээ нь түүнийг NBA-ийн системд албан ёсоор орж, дэлхийн хамгийн шилдэг лигт хөл тавихад нь маш том гүүр болж өгч байгаа түүхэн алхам юм
Osceola Magic нь NBA-ийн Орландо Мэжик (Orlando Magic) багийн албан ёсны харьяа, хөгжлийн лигийн (NBA G League) баг юм.
ТАТАР МАЙДАР







Спорт




