NBA-ийн гурван удаагийн аварга, дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгчдийн нэг Майкл Жордан 30 насандаа, карьерынхаа оргил үед гэнэт зодог тайлж, бейсболын спорт руу шилжсэн нь спортын түүхэн дэх хамгийн гэнэтийн шийдвэрүүдийн нэг болсон юм.
Майкл Жордан 1963 оны хоёрдугаар сарын 17-нд Нью-Йоркийн Бруклин хотод төржээ. Тэрбээр таван хүүхэдтэй айлд өссөн бөгөөд бага насандаа зөвхөн сагсан бөмбөг бус бейсболд ч ихээхэн дуртай байв. 12 настайдаа Хойд Каролинад “Mr. Baseball” шагнал хүртэж, сургуулийнхаа бейсболын багт тоглодог байсан аж.
Гэвч ахлах сургуульд байхдаа Жордан сагсан бөмбөгийн үндсэн багт анх тэнцээгүй байна. Тухайн үед ойролцоогоор 1.80 метр өндөртэй, туранхай биетэй байсан түүнийг багт аваагүй нь хүнд цохилт болсон ч энэ нь эсрэгээрээ түүний шаргуу хөдөлмөрлөх шалтгаан болжээ. Дараагийн жил гэхэд бие бялдрын хувьд хөгжиж, сургуулийнхаа гол тоглогчдын нэг болж чадсан байна.
Ахлах сургуулиа төгсөөд Жордан Хойд Каролинагийн их сургуульд элсэж, 1982 оны NCAA-ийн финалд Жоржтауны эсрэг шийдвэрлэх шидэлтээ амжилттай хийснээр багтаа аварга цол авчирчээ. Улмаар 1984 оны NBA-ийн драфтаар “Chicago Bulls” түүнийг гурав дахь сонголтоор авсан бөгөөд эхний улиралдаа л “Оны шилдэг шинэ тоглогч” шагнал хүртсэн байна.
Удалгүй Жордан зөвхөн NBA-ийн од биш, дэлхийн хэмжээний спортын бэлгэ тэмдэг болж хувирчээ. Түүний үсрэлт, довтолгоо, тоглолтын хэв маяг “Air Jordan” гэх дүр төрхийг бий болгож, Nike компанитай хийсэн хамтын ажиллагаа нь түүнийг спортын ертөнцөөс давсан дэлхийн брэнд болгосон юм.
Гэхдээ амжилт шууд ирээгүй. “Detroit Pistons” баг Жордан болон “Bulls”-ын замыг хэд хэдэн улирал дараалан хааж, 1988-1990 онд плей-оффт зогсоож байв. Харин 1991 онд Жордан эцэст нь энэ саадыг давж, “Los Angeles Lakers”-ийг финалд хожсоноор анхны NBA-ийн аваргын бөгжөө зүүжээ.
Үүний дараа “Chicago Bulls” 1992, 1993 онд дахин аваргалж, гурван жил дараалан түрүүлсэн байна. 1993 оны финалд Жордан дунджаар 41 оноо авч, гурав дахь удаагаа дараалан Финалын MVP болсон юм.
Гэвч тэр жилийн зун Жорданы аав Жеймс Жордан амиа алдсан нь түүний амьдралд асар хүнд цохилт болжээ. Үүнээс хэдхэн сарын дараа буюу 1993 оны аравдугаар сарын 6-нд Жордан 30 насандаа сагсан бөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарласан байна.
Жордан тухайн үед зөвхөн аавынхаа үхлээс болж сагсан бөмбөгийг орхисон гэх ойлголт түгээмэл байсан ч тэрбээр өмнө нь ч зодог тайлах талаар бодож байсан гэдгээ хэлж байжээ. “Зодог тайлна гэдэг хүссэн бүхнээ хийх боломжтой болно гэсэн үг” хэмээн тэрбээр тухайн үед мэдэгдсэн байдаг.
Ингээд Жордан хүүхэд насныхаа өөр нэг мөрөөдөл болох бейсбол руу шилжив. 1994 онд тэрбээр “Chicago White Sox”-ын системийн “Birmingham Barons” багт тоглож эхэлсэн байна. Дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгчин энэ удаа шинэхэн бейсболчин болж, бусдын адил бэлтгэл хийж, алдаа гаргаж, шинэ спортоо сурах шаардлагатай болсон юм.
Гэсэн ч түүний NBA-д эргэн ирэх тухай яриа тасраагүй. Эцэст нь 1995 оны гуравдугаар сарын 18-нд түүний агент Дэвид Фалк хэвлэлд ердөө хоёр үгтэй мэдэгдэл хүргүүлжээ.
“I’m back” буюу “Би эргэн ирлээ.”
Жордан NBA-д буцаж ирээд эхэндээ 45 дугаартай тоглож байсан ч удалгүй домогт 23 дугаараа эргүүлэн авсан байна. 1995/96 оны улиралд “Bulls” 72 хожил, 10 хожигдолтой амжилт үзүүлж, тухайн үеийн NBA-ийн улирлын рекордыг тогтоожээ. Тэр улиралд Жордан дахин аварга болж, улирлын MVP, All-Star тоглолтын MVP болон Финалын MVP шагналыг зэрэг хүртсэн байна.
Үүний дараа “Chicago Bulls” 1997, 1998 онд дахин аваргалж, Жордан нийт зургаан NBA-ийн аваргын бөгжтэй болсон юм. Тэрбээр зургаан удаа Финалын MVP, таван удаа улирлын MVP, 10 удаа улирлын шилдэг оноо авагч болж, 14 удаа All-Star-д сонгогджээ. Карьерынхаа турш тоглолт бүрт дунджаар 30.1 оноо авсан нь NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг хэвээр байна.
Майкл Жорданы түүхийг онцгой болгодог зүйл нь зөвхөн зургаан аваргын цом биш. Тэрбээр сургуулийнхаа үндсэн багт тэнцээгүй үеэс эхэлж, NBA-ийн оргилд хүрсэн. Дараа нь карьерынхаа хамгийн өндөр цэг дээр бүхнийг орхиж, өөр спортыг туршсан. Харин эргэн ирээд дахин гурван удаа аваргалж, өөрийнхөө домгийг улам бататгасан юм.







Спорт




