Дэлхийн Дартсын Холбооны (WDF) 21 дэх удаагийн Ази-Номхон далайн цомын тэмцээн (WDF Asia-Pacific Cup) 52 жилийн түүхэндээ анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Бүсийн 7 орны 120 гаруй шилдэг шидээвэр тамирчид хуран цугларсан тус тэмцээнд зохион байгуулагч орны тамирчид дэлхийн шилдгүүдийг сандаргаж, багийн төрөлд түүхэн амжилт тогтоов.
Эмэгтэй баг Австралийн хүчирхэг шигшээг буулган авлаа
Хагас шигшээ тоглолтод дартсын хүчирхэг гүрэн болох Шинэ Зеландын багийг тактикийн давуугаар буулган авч, финалд шалгарсан манай эмэгтэй баг алтан медалийн төлөө Австралийн шигшээтэй туллаа. Батболдын Энэржин, Баянмөнхийн Хулан, Цолмоны Амраа, Цогбаярын Амгалан нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, сум бүрээ оновчтой тавьсаар өрсөлдөгчөө 9-5 харьцаатайгаар илүүрхэн хожиж, Ази-Номхон далайн цомыг эх орондоо үлдээлээ.
Эрэгтэй багийн гайхалтай эргэн эргэлт ба түүхэн ялалт
Монголын дартсын хос баярыг түүчээлж, эрэгтэй баг мөн адил алтан медалийн төлөө Японы хүчирхэг багтай ширүүн тулаан хийв. Гонгорын Алтангэрэл, Бямбасугарын Баярмагнай, Лхагвасүрэнгийн Ганзориг, Мягмарсүрэнгийн Алтантулхүүр нарын бүрэлдэхүүнтэй манай баг тоглолтын дундуур 7-4 харьцаатайгаар хожигдож, хүнд байдалд орсон ч гайхалтай эргэн эргэлт (comeback) хийж чадсан юм. Оноог 8-8 харьцаатайгаар тэнцүүлж, улмаар шийдвэрлэх сүүлийн үед Л.Ганзориг ялалтын сумыг байнд нь түүхэн оносноор 9-8-аар Японы багийг буулган авч, анх удаагаа Ази-Номхон далайн цомыг өргөлөө.
Ийнхүү Монгол Улсын дартсын шигшээ баг эх орныхоо дэвжээн дээр эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд босоо гэдгээ баталж, "Хос алт" (Double Gold)-ын эзэд болон спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Тэмцээнд оролцогчид:
Эрэгтэй төрөл (Open - 7 баг)
-
Монгол: Гонгорын Алтангэрэл, Бямбасугарын Баярмагнай, Лхагвасүрэнгийн Ганзориг, Мягмарсүрэнгийн Алтантулхүүр
-
Австрали: Майкл Кассар, Линдсей Хажи-Али, Шеймус Линч, Рассел Верлинден
-
Тайвань (Хятадын Тайбэй): Жи-Жие Ляо, Тиен-Шинг Шен, Чих-Хао Цао, Рен-Жун Вен
-
Япон: Рюта Арихара, Рюсей Аземото, Юя Фукучи, Хироки Канеко
-
Шинэ Зеланд: Дерек Эшли, Марк Кливер, Жэйми Хилтон-Жонс, Жош Робертс
-
Өмнөд Солонгос: Чи-Ёнг Ан, Мин-Сок Чой, Вунг-Хи Хан, Хён-Жун Сон
-
Тайланд: Сарают Оуамумпа, Чайян Пайари, Пирапонг Понгпуек, Адисак Суфоворавут
Эмэгтэй төрөл (Women - 6 баг)
-
Монгол: Батболдын Энэржин, Баянмөнхийн Хулан, Цогбаярын Амгалан, Цолмоны Амраа
-
Австрали: Жусинта Данн, Жоанна Хэдли, Тереза Моррис, Кристин Ричардсон
-
Тайвань (Хятадын Тайбэй): Ших-Хан Хуанг, Хсиу-Юн Лин, Пэй-Жие Ву, Тинг-Ю Ву
-
Япон: Мию Мияваки, Маюми Оучи, Юкие Сакагучи, Маю Шимизу
-
Шинэ Зеланд: Михи Аватере, Оливия Куррин, Деси Мерсер, Николь Реньо
-
Өмнөд Солонгос: Сонг-Сук Хи, А-Рём Ким, Юн-Жи Ким, Хён-Жин Парк
ТАТАР МАЙДАР







Спорт



