Netflix компани 2030 оны эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шууд дамжуулах эрхийг авчээ. Ингэснээр тус платформ анх удаа эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах гэж байна.
Netflix тэмцээний нийт 104 тоглолтыг шууд дамжуулах бөгөөд одоогоор энэхүү эрх нь Испани болон Андоррагийн хэрэглэгчдэд хамаарч байгаа аж. Үзэгчид тоглолтын өмнөх болон дараах нэвтрүүлэг, завсарлагын үеийн тактикийн анализ, өдөр тутмын тойм болон тайзны арын тусгай контентуудыг үзэх боломжтой байна.
Энэ нь Netflix-ийн спортын шууд контентод хийж буй томоохон алхмуудын нэг болж байна. Тус компани өмнө нь 2027, 2031 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ, Канадад дамжуулах эрхийг авсан юм.
2030 оны ДАШТ нь дэлхийн аваргын 100 жилийн ойтой давхцана. Тэмцээний үндсэн зохион байгуулагчдаар Испани, Португал, Марокко ажиллах бол ойн хүрээнд Уругвай, Аргентин, Парагвайд нээлтийн зарим тоглолтыг хийхээр төлөвлөжээ.
Ингэснээр 2030 оны ДАШТ гурван тивийн зургаан улсад зохион байгуулагдах анхны дэлхийн аварга болох юм.







Спорт




