Dark Light
Спорт | 2026-10-15

ИСПАНИЙН 100 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ "HÉRCULES CF" КЛУБТЭЙ МОНГОЛ ЗАЛУУ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Саяхан Монгол Улсын U20 насны залуучуудын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Баатарын Хабул Испанийн Hércules CF клубтэй албан ёсны гэрээ байгуулж, Европын хөлбөмбөгийн талбарыг зорьсон билээ. Тэгвэл манай залуу легионерын замналаа үргэлжлүүлэхээр сонгосон тус багийн түүх, өнөөгийн нөхцөл байдал болон сонирхолтой баримтуудыг багцлан хүргэж байна.
 
Монгол тоглогчийн сонгосон Испанийн 100 гаруй жилийн түүхтэй "Hércules CF" клубын тухай таны мэдэх ёстой баримтууд
 
1. Зуун дамжсан баялаг түүх ба Алтан үе

Hércules de Alicante Club de Fútbol нь Испанийн Валенси мужийн Аликанте хотод 1922 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан, тун удахгүй 104 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй түүхэн баг юм. Багийн бэлгэдэл нь эртний Грекогоос гаралтай домогт баатар Геракл (Hércules) бөгөөд тамирчид нь уламжлалт хөх, цагаан судалтай өмсгөлөөрөө ижилсдэг.
 
Тус клуб түүхэндээ Испанийн хөлбөмбөгийн дээд зиндаа болох "Ла Лига"-д 20 улирал, хоёрдугаар зиндаа болох "Сегунда Дивизион"-д 43 улирлыг өнгөрүүлжээ. Багийн алтан үе нь 1970-аад онд тохиосон бөгөөд тухайн үеийн Ла Лигад 5 болон 6-р байрт бичигдэж, Европын цомын тэмцээнүүдэд өрсөлдөхөд тун ойрхон байв. Саяхны түүх сөхвөл, тэд хамгийн сүүлд 2010–2011 оны улиралд Ла Лигад тоглож байсан туршлагатай.
 
2. Барселонаг "бүдүүлсэн" алдартай түүхүүд

Хэдийгээр тус баг сүүлийн жилүүдэд доод лиг рүү унасан ч дэлхийн супер багуудын "айдаг" ширүүн өрсөлдөгч байсаар ирсэн.
  • 1996/97 оны улирал: "Hércules CF" клуб тухайн үеийн хүчирхэг "Барселона" багийг хоёр ч удаа хожиж, улмаар Каталоны багийг тус улиралд аваргын цомоо алдахад хүргэж байв.
  • 2010 оны шуугиан: Тэд Ла Лигад эргэн ирсэн даруйдаа "Камп Ноу" цэнгэлдэхэд Хосеп Гвардиолагийн удирдсан, дэлхийн аваргуудаар дүүрсэн алдартай "Барселона" багийг талбай дээр нь 2:0-оор хожиж, хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулж байлаа.
3. Дэлхийн аваргуудын тоглож байсан домогт цэнгэлдэх

"Hércules CF" баг өөрийн талбайн тоглолтоо 30,000 орчим хүний суудалтай Estadio José Rico Pérez цэнгэлдэх хүрээлэнд хийдэг. Тус цэнгэлдэх нь 1982 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг (ДАШТ) зохион байгуулж, домогт Диего Марадона тэргүүтэй Аргентины шигшээ баг энд тоглож байсан түүхтэй.
Мөн тус багт ДАШТ-ий алтан медальт, Аргентины домог Марио Кемпес, Францын алдарт довтлогч Давид Трезеге зэрэг дэлхийн хөлбөмбөгийн одод тоглож, багийн нэр хүндэд том хувь нэмэр оруулж байжээ.
4. Баатарын Хабулын Англи, Бразилаас Испани хүрсэн замнал

Б.Хабул 2008 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Монголын дээд лигийн "СП Фалконс" (SP Falcons) клубын залуучуудын академиас хөлбөмбөгийн гараагаа эхэлжээ. Тэрээр өөрийн авьяас чадвараараа үнэлэгдэн Их Британи улсын "Дэлхийн шилдэг авьяастан" (Global Talent) визийг авч, 2022 оноос Английн алдартай "Милфилд" (Millfield) сургуульд суралцаж эхэлсэн байна. Сургуулийн амралтаараа эх орондоо ирж, "СП Фалконс" багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд багтан 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр "Төв Азарганууд" клубын эсрэг дээд лигийн анхны албан ёсны тоглолтоо хийж байв.
 
Хабул залуучуудын түвшинд 2025 оны Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд багийнхаа тоглосон гурван тоглолтод бүгдэд нь оролцжээ. Үүний дараа тэрээр 2026 оны AFC-ийн 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд мөн улсаа төлөөлөн тоглосон байна. 2026 оны 5-р сард Сингапур, Хонконгтой хийх нөхөрсөг тоглолтуудад зориулан тэрээр үндэсний шигшээ багтаа анх удаа дуудагджээ. Улмаар 2026 оны 5-р сарын 31-нд Сингапурын эсрэг хийсэн тоглолтод, хоёрдугаар хагаст Амараагийн Дөлгөөний оронд сэлгээнээс талбайд гарч, шигшээ багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн байдаг юм.
 
"Милфилд"-эд гурван жил суралцсаны дараа, 2025 онд тэрээр "Брук Хаус Коллеж" (Brooke House College) хөлбөмбөгийн академид шилжсэн байна. Тэр жилийнхээ сүүлээр Б.Хабул хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразилын дээд зиндааны (Série A) алдартай "Крузейро" (Cruzeiro) клубт 3 долоо хоногийн туршилтын бэлтгэлд хамрагдаж, олон улсын скаутуудын хараанд өртжээ. Ийнхүү шат дараалан ур чадвараа ахиулсаар 2026 оны зун Испанийн "Hércules CF" багт албан ёсоор нэгдсэн байна.
 
5. Клубын өнөөгийн нөхцөл байдал ба 2026/2027 оны улирал

Клуб 2024 онд амжилттай дэвшиж, одоогийн байдлаар Испанийн хөлбөмбөгийн 3-р зиндаа болох "Primera Federación" (Group 2)-д тоглож байна.
Өнөөдрийн байдлаар (2026 оны 10 дугаар сар) "Hércules CF" нь шинэ улирлыг тун тогтвортой эхлүүлээд байгаа бөгөөд лигийн хүснэгтийн 6-7-р байрт өрсөлдөж байна. Багийг 47 настай мэргэжилтэн Бето Компани дасгалжуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Франц Соль зэрэг туршлагатай тоглогчид багтаж байна.
 
Б.Хабулын хувьд ийм том түүхтэй, өөрийн гэсэн фэнүүдийн баазтай, дэд бүтэц сайтай Европ клубт нэгдсэн нь түүний ирээдүйн карьер болон Монголын хөлбөмбөгийн хөгжилд том түлхэц болох нь дамжиггүй.

 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10