Dark Light
Спорт | 2026-10-28

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДӨР: ДАЯН ДЭЛХИЙН ЖҮДОЧИД "BELONGING" УРИАН ДОР НЭГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) болон дэлхийн өнцөг булан бүрт буй спорт сонирхогчид "Дэлхийн жүдогийн өдөр" болгон ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү түүхэн өдөр нь жүдо бөхийг үндэслэгч, Японы нэрт сурган хүмүүжүүлэгч, тамирчин Жигоро Каногийн (Jigoro Kano Shihan) мэндэлсэн өдөр бөгөөд түүний спортоор дамжуулан нийгэмд үлдээсэн үнэт зүйлс, гүн ухааныг алдаршуулах зорилготой юм.

Шихан Жигоро Кано шавь нарынхаа дунд; баруунаас зүүн тийш Муратами, Хашимото, Нагаока, Сакуранива, Ямашита нар байна. Энэхүү гэрэл зураг нь 1937 онд хамаарна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) 2011 оноос хойш жил бүр тусгай уриа дэвшүүлж ирсэн бөгөөд энэ жилийн баярыг "BELONGING" буюу "Хамаарал / Хүрээлэл" хэмээх утга төгс уриан дор тэмдэглэж байна. 

"Хамаарал" урианы утга учир юу вэ?

Энэ жилийн гол мессеж нь маш энгийн бөгөөд тодорхой юм: татами дээр хөл тавьж буй жүдоч бүр зөвхөн зааланд уригдаад зогсохгүй, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн, энэ том гэр бүлийн салшгүй нэг хэсэг гэдгээ мэдрэх ёстой. Жижиг клубуудаас эхлээд үндэсний холбоод, олон улсын томоохон тэмцээнүүд хүртэлх бүх шатанд "хамаарал" гэдэг ойлголт нь спортын оролцоог насан туршийн нандин холбоос болгон хувиргадаг байна.
 
"Хамаарал" нь 2026 оны Дэлхийн жүдогийн өдрийн хамгийн хүчтэй, нэгтгэн зангидах сэдэв юм. Үүний цаана хүн бүхэнд зориулсан энгийн атлаа нэн чухал санаа агуулагдаж буй бөгөөд жүдо бол зөвхөн хүн бүрийг угтан авдаг спорт төдийгүй, хүн бүр өөрийн гэсэн зүй ёсны байр суурьтай гэдгээ мэдэрдэг тийм хүмүүнлэг* хүрээлэл юм.
 
Жүдогийн холбооноос 2022 онд дэвшүүлж байсан "Хүртээмжтэй байдал" (Inclusion) хэмээх уриа нь заалны үүд хаалгыг нээхэд чиглэж байсан бол энэ жилийн уриа нь үүнээс нэг алхам урагшилж байна. Энэ нь тухайн зааланд орж ирсэн хүн өөрийгөө бусдад танигдаж, хүндлэгдэж, дэмжигдэж байгаагаа мэдэрч, цаашид тууштай үлдэж чадаж байна уу гэдгийг асууж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энгийн нэг оролцооноос гүн гүнзгий сэтгэл зүйн холбоо руу шилжиж буй хэлбэр ажээ. 
 
Хүн бүрт зориулсан спорт
 
Энэхүү уриа нь хөгжлийн бэрхшээлтэй болон дасан зохицох, сонсголын бэрхшээлтэй жүдогийн тамирчдыг бүхэлд нь хамарч байна. Мөн спортод өөрийн орон зай, байр сууриа бүрэн бататгахыг эрмэлзэж буй охид, эмэгтэйчүүд, жүдог дөнгөж нээж буй хүүхэд багачууд, түүнчлэн дожоноос тогтвортой байдал, өөртөө итгэх итгэл, жинхэнэ найрамдал нөхөрлөлийг хайж буй дүрвэгсэд болон гэр орноосоо дайжсан хүмүүст ч шууд хандаж байгаа юм.
 
Энэхүү мессеж нь нийгэм, эдийн засаг, соёл, газар зүйн нөхцөл байдлаасаа шалтгаалан спортоос хол хөндий мэдрэмж авч байсан хэн бүхэнд нээлттэй бөгөөд "Жүдод хэнийг ч ялгахгүй, хүн бүрийн гарал үүсэл, туулсан амьдралын замнал ямар ч байсан татами дээр тэдэнд зориулсан байр суурь бий" гэдгийг тунхаглаж байна.
"Хамаарал" амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?
 
Үүний тод жишээг саяхан болж өнгөрсөн Лозаннын Их Дуулга (Ecole Mont-Olivet Lausanne Grand Slam 2026) тэмцээнээс харж болно. Түүхэн дэх анхны бүрэн хүртээмжтэй Их Дуулга болох тус тэмцээн нь Дэлхийн жүдогийн аялан тоглолт, дасан зохицох жүдо болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн жүдогийн тэмцээнийг нэг дор, нэгэн ижил орчинд зохион байгуулснаараа онцлог байв. 
 
Мөн Сараево хотод болсон Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Катагийн дэлхийн аваргын үеэр Тусгай Олимпын тамирчид арены төвд байр сууриа эзэлж, барилдаан (shiai) болон катагийн үзүүлбэрээ сонирхуулсан юм. Тэдний оролцоо нь хүртээмжтэй байдал гэдэг зүйл тэмцээний зах хязгаарт өрнөдөг жижиг үйл ажиллагаа биш, харин тэмцээний үндсэн хөтөлбөр, цэнгэлдэх хүрээлэн, олон нийтийн дундах хамтын мөчүүдийн гол цөмд байх ёстойг харууллаа. Лозанна болон Сараевогийн тэмцээнүүд нь спортын дээд амжилт болон хүнийг хамааруулах сэтгэлгээ хоёр бие биенээ үгүйсгэдэггүй бөгөөд жүдогийн гэр бүл бүх гишүүддээ боломж, хүлээн зөвшөөрөгдөх эрхийг олгосон цагт хамгийн хүчтэй байдгийг баталсан юм.
 
Үндсэн уриа:

ЖҮДОЧ БҮХЭНД ӨӨРИЙН ГЭСЭН ОРОН ЗАЙ ТАТАМИ ДЭЭР БИЙ! 

Олимп, тив, дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, олон зуун залууст үлгэр дуурайлал болж буй үе үеийн жүдочид, дасгалжуулагчид, ахмадууд болон жүдод хайртай нийт хөгжөөн дэмжигчиддээ Дэлхийн жүдогийн өдрийн баярын мэнд хүргэе! 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08