2026 оны Дакарын Залуучуудын олимпийн наадам (YOG) 2026 оны 10-р сарын 31-ний Бямба гарагт албан ёсоор нээлтээ хийснээр, Африк тивд зохион байгуулагдсан анхны олимпийн спортын арга хэмжээ болж түүхэнд бичигдлээ. Уг наадам нь “Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” гэсэн уриан дор өрнөж байгаа бөгөөд дэлхийн 204 орны 2,700 орчим залуу тамирчин спортын 25 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
.jpg)
Нээлтийн ёслолыг Сенегал Улсын Ерөнхийлөгч Бассиру Диомайе Файе албан ёсоор нээж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри болон наадмыг Зохион байгуулах хорооны дарга Мамаду Диагна Ндиайе нар залуу тамирчдад баяр хүргэж, Олимпын үнэт зүйл болох эв нэгдэл, нөхөрлөлийг онцлон тэмдэглэв.
Африкийн соёл, өв уламжлалыг дэлхийд толилуулав
Нээлтийн ёслол Сенегалын үндэсний өв соёл, Африк тивийн олон үндэстний уламжлалт хөгжим, бүжиг, орчин үеийн урлагийг хослуулсан өргөн хэмжээний тоглолтоор үргэлжиллээ. Нийт 11,000 орчим хүн цугласан цэнгэлдэхэд 700 гаруй уран бүтээлч ая дуу, бүжгээрээ дамжуулан Африк тивийн өнгө төрх, соёлын гайхамшгийг дэлхий дахинд харуулсан юм.
Олимпын бамбарын буухиа түүхэн агшнаар өндөрлөв
2026 оны есдүгээр сарын 10-нд Грекийн Афин хотноо бадраасан Олимпын бамбар Сенегал улсын 14 бүс нутгаар дамжин 3,600 гаруй километр замыг туулж ийнхүү Дакарт хүрчээ. Бамбарын буухианы төгсгөлд Сенегалын туялзуур сэлэмний залуу тамирчид болох Абду Рахман, Марием Си нар Олимпын бамбарыг асаасан нь ирээдүй хойч үе, залуу тамирчдад итгэл хүлээлгэж буйн бэлгэдэл болов.
Жендэрийн тэгш байдал ба Африк тивийн онцгой оролцоо
Энэ удаагийн наадамд Африк тивийн тамирчдын оролцоо түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрч байна. Нийт тамирчдын 28 хувь буюу 740 орчим нь Африк тивээс оролцож байгаа нь Европ тивтэй эн зэрэгцсэн үзүүлэлт юм. Харин Америк тив 20, Ази 19, Далайн орнууд 5 хувийг тус тус эзэлж байна.
Мөн "Дакар-2026" нь Залуучуудын зуны Олимпын наадмын түүхэнд спортын хөтөлбөрийн тамирчдын квотын түвшинд жендэрийн тэгш байдлыг бүрэн хангасан анхны наадам болж байгаагаараа онцлогтой.
Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Дакар, Диамниадио, Сали хотуудад үргэлжлэх энэхүү наадам нь дэлхийн залуусыг спорт, соёл, нөхөрлөлөөр нэгтгэхийн зэрэгцээ Африк тивийн Олимпын хөдөлгөөний хөгжилд түүхэн шинэ хуудсыг нээж байна.
ТАТАР МАЙДАР


Спорт




