Монголын спортын телесуваг болох “Premier Sports Network” UEFA-гийн клубийн тэмцээнүүдийг шууд дамжуулах онцгой хэлэлцээ эхлүүллээ
Монголын төлбөрт телевиз болох “Premier Sports Network” (PSN) Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) эрэгтэйчүүдийн клубийн тэмцээнүүдийг ирэх дөрвөн улирлын турш (2027–2031 он) Монгол Улсад шууд дамжуулах онцгой эрхийн хэлэлцээг эхлүүлжээ.
Энэхүү хэлэлцээ нь Европын клубийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лиг (UCL), түүний дараа орох Европа лиг болон Конференц лигийн тоглолтуудыг хамарч байгаа юм. Уг хэлэлцээний үйл явцыг UEFA болон Европын хөлбөмбөгийн клубийн холбооны хамтарсан арилжааны байгууллага болох UC3 болон 2033 он хүртэлх тэмцээний медиа, ивээн тэтгэгч, лицензийн эрхийг хариуцсан борлуулалтын агентлаг болох “Relevant Football” удирдан явуулж байна.
Юнител группийн эзэмшлийн PSN суваг нь 2023 оноос хойш Монгол Улсад эдгээр тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхийг эзэмшиж байгаа бөгөөд түүнээс өмнө Монголын үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ) Аваргуудын лигийг дамжуулдаг байв.
Олон улсын зах зээлд ч мөн UEFA-гийн ирэх мөчлөгийн эрхийн төлөөх хэлэлцээнүүд ид өрнөж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Туркийн дижитал стриминг платформ “Exxen” шинэ мөчлөгийн эрхийг авсан бол өнгөрсөн есдүгээр сард Румыны “Clever Media” групп Молдав улсад эдгээр тэмцээнийг дамжуулах онцгой хэлэлцээнд орж, Хятадын “iQIYI” платформ Аваргуудын лигийн эрхээ сунгаад байгаа билээ.
ТАТАР МАЙДАР







Спорт




