"Night of Champions" мэргэжлийн боксын тулаанд оролцож Узбекстаны тамирчин Рахматиллоён Шарифовтой тулалдан ялалт байгуулсан ОУХМ Б.Төгөлдөрөөс тодрууллаа.
-Эх орныхоо дэвжээнд мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийлээ...
-Хүчтэй өрсөлдөгч байна. Өндөр тамирчин гэхэд урагшаагаа сайн явж тулалдлаа. Сүүл рүүгээ аргалсаар байгаад л дуусгалаа.
-Дөрөвдүгээр раундад цохиод унагаасан ч босоод ирсэн...
-Босож ирэхгүй байх гэж бодоод шүдний хамгаалалтаа шидсэн. Гэтэл буцаад босоод ирлээ. Өрсөлдөгч бэлтгэл сайн байгаагийн шинж.
-Ринг дээр буланд очоод таныг өөр рүүгээ дуудаж байсан...
-Тэрэнд нь орох юм бол би өөрөө хүнд цохилтод орох магадлал маш өндөртэй. Нэг төрлийн заль гэсэн үг л дээ. Тамирчдад байдаг түгээмэл заль гэх юм уу.
-Өрсөлдөгч тамирчнаа хэр судлав. Судалгааны үр дүн гарав уу?
-Өрсөлдөгч тамирчиндаа нэг их судалгаа хийж үзээгүй. Бичлэгийг нь хальт нэг л удаа үзсэн. Жаахан чангараад байдаг юм аа би.
-Ринг дээр маш сайхан үйл явдал боллоо. Эхнэртээ сүйн бөгж өглөө шүү дээ...
-Хэрвээ хожвол өгнө гэж бодож байсан. Өөрийн бодож, зорьсон доо хүрч чадлаа. Баяртай байна.
-Үзэгчиддээ хандаж үг хэлээч...
-Энэ хүртэл дэмжиж ирсэнд баярлалаа гэж хэлье даа. Галыг асааж чадсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Чадах чинээгээрээ хичээсэн.