Монголын шатрын холбоо болон Оюуны спортыг дэмжигч АПУ Дэйри | PRO+ Өсвөрийн шилдэг шатарчдын Улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56 дахь, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээнийг хамтран зохион байгуулж байна. Нийт 54 сая төгрөгийн шагналын сантай тус шигшээ тэмцээнд 6 хүртэлх, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны нээлттэй болон охидын ангиллаар нийслэлийн 378, 21 аймгийн 882 нийт 1260 өсвөрийн шилдэг шатарчид шигшигдэн шалгарч 6 хүртэлх насны ангиллаас бусад насны Улсын аваргууд 2-р сард тодорсон. Тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан 6 хүртэлх насны Өсвөрийн шилдэг шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 3-р сарын 14-ний өдөр хөшгөө нээлээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хүрэлцэн ирж тэмцээнд оролцогч өсвөрийн шилдэг бяцхан шатарчдад амжилт хүслээ. Тэрээр хэлэхдээ "Монголын оюунлаг ирээдүй болсон бяцхан шатарчин хүүхдүүд та бүхэн гагцхүү Монголын мастерууд биш Дэлхийн мастерууд болно гэсэн том зорилготой байгаарай. Энэхүү амжилтыг гаргахад үүний ард бат зогсож, үргэлж хүүхдүүдээ гэрэл гэгээтэй замд хөтөлдөг эцэг, эхчүүд та бүхнээр аав хүний хувьд бахархаж байна" гэлээ. Нээлтэд МШХ-ны ЕНБД Б.Наранбаатар, МШХ-ны УЗ-ийн гишүүд болох Тэмцээн зохион байгуулалтын хорооны дарга Г.Оргил, Шүүгчдийн зөвлөлийн дарга М.Гүнбаяр, Хяналт, үнэлгээ гүйцэтгэлийн зөвлөлийн дарга Ч.Эрдэнэ-Очир, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Ану, МУГД Ц.Батболд болон 21 аймаг, нийслэлийн шилдэг багш, дасгалжуулагч нарын зочид төлөөлөгч нар оролцов.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр тэмцээнийг ёслол төгөлдөр нээж МУГБ С.Ганчимэг багштай МХО-ны дуулаачийн дугуйлангийн сурагчид Тамирчны алдар дууг амьдаар дуулж өсвөрийн шилдэг бяцхан шатарчдадаа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
3-р сарын 14-16-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэх тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн нийт 160 бяцхан шилдэг шатарчид 3 өдөр оюун ухаанаа сорин өрсөлдөж 3-р сарын 16-ны өдөр Улсын аваргууд тодорно. Мөн түүнчлэн энэ үеэр нэгдсэн тэмцээний багийн дүн гарч Улсын аварга аймаг, академи, клубүүд тодорч багийн шагналаа гардаж авна.