Грекийн Коста Наварино хотноо 3-р сарын 20-нд болсон Олон улсын олимпын хорооны (ОУОХ) 144 дүгээр чуулганаар 41 настай Кирсти Ковентри тус байгууллагын 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр 49 хүний саналаар дэмжигдсэн байна.
Ковентри нь ОУОХ-ны түүхэнд уг албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна. Сонгогдсоны дараа тэрээр хэлсэн үгэндээ:
“Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.
Тэрээр Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 7 медаль хүртэж байсан юм. Спортын амжилтаасаа гадна улс төрийн салбарт ч идэвхтэй оролцож, 2018 оны 9 дүгээр сараас Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв.
Шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентри 2025 оны 6 дугаар сарын 23-нд үүрэгт ажлаа хүлээн авна.
Эх сурвалж
| Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC
|