Үндэсний бөхийн холбооны анхдугаар чуулган амжилттай боллоо
Аймаг, сумын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганд 21 аймаг, 4 дүүрэг, 136 сумын Үндэсний бөхийн холбоог төлөөлсөн 187 төлөөлөгч оролцсон байна.
Чуулганы үеэр:
- “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах санал
- Аймаг, сумын баяр наадмын бөхийн барилдааны зохион байгуулалттай холбоотой асуудлууд
- Орон нутгийн үндэсний бөхийн хөгжил, өнөөгийн түвшин, үнэлэлт дүгнэлт
- Жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй
- Монгол бөхийн хүүхэд, залуучуудын хүмүүжилд үзүүлэх эерэг нөлөө
- Орон нутгийн бөхийн холбоодод тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдийг хөндөж, санал солилцлоо.
Чуулганаас МҮБХ-нд дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүллээ:
1. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах саналуудыг нэгтгэж, хууль тогтоогчдод хүргэх, хэрэгжилтэд анхаарах
2.Монгол бөхийн түүх, ёс уламжлалыг өсвөр үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт “Эрийн гурван наадам, Монгол бөхийн түүх, ёс уламжлал” хичээлийг оруулах саналыг боловсролын салбарын байгууллагуудад хүргэх
3. Жаяг дэгийн багийн гишүүдийг чадавхижуулах сургалт, уралдааныг тогтмол зохион байгуулж, мэргэжлийн үнэмлэх гэрчилгээ олгох
4. Салбар холбоо, зөвлөлийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулах
5. МҮБХ-оос орон нутгийн салбар холбоод болон өсвөр бөхчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх
6. Аймаг, сумын бөхийн холбоодын улсын бүртгэл, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгож, тогтвортой үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах
Чуулганд оролцогчид Монгол бөхийн хөгжил, ёс жаягийн залгамж чанарыг хадгалах, орон нутагт бөхийн барилдааны зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.