Фото зургийг | Д.Нямбилэг
Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 74 кг-д манай тамирчин Б.Батбаяр эхний учраагаа ялж, шөвгийн 8-д шалгараад байна. Тэрбээр БНАСАУ-ын Хан Ок Чолыг 4:2-оор буулгаж авсан юм. Одоо манай бөх дунд шөвөгт Казахстаны бөх, 2024 оны дэлхийн аварга Нуркоза Кайпановтой барилдах болно. Харин 86 кг-ын Н.Батбилгүүн Казахстаны бөх, 2023 оны Ази тивийн аварга Болат Сакаевт 5:3-аар харамсалтай ялагдав. Манай бөх 4:3-аар хожигдож яваад цаг дуусах мөчид шийдсэн мэх хийж, өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан. Гэвч энэ үед цаг дууссан байсан нь батлагдсанаар челленжийн нэг оноо алдаж, онооны харьцаа 5:3 болсон юм.
Түүнчлэн 61 кг-ын Т.Түвшинтулга залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ираны Ахмад Масоуд Мохаммаднежаджаванд 9:1-ээр хожигдлоо.
Хэрэв Казахстан, Ираны бөхчүүд финалд шалгарвал манай бөхчүүд хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно.