БОЛОВСРОЛЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан болж, өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилттэй танилцан, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг чиглэл өглөө. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар нийт 26 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 60.1 хувьтай байгааг танилцуулсан бөгөөд түрээс, тэтгэмжтэй холбоотой асуудлууд бүрэн шийдвэрлэгдсэн байна.
Боловсролын сайд 2027 онд боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор хариуцлага, үр дүн, хяналтын тогтолцоо үүнтэй уялдан сайжрах ёстойг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд 2026 оны төсвийн гүйцэтгэл болон 2027 оны төсөвтэй холбоотой төлөвлөлт, уялдаа холбооны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг дараагийн шуурхай хуралдаанд бэлтгэн танилцуулах үүрэг өглөө.
Мөн ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлага болон нийслэлтэй нягт уялдаа холбоотойгоор төлөвлөж, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Дараагийн шуурхай хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжиж буй барилга, байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын явц, газрын асуудал болон бусад хүндрэлтэй тулгарч буй төсөл, арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн байгууллагууд 2026 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтийн хэрэгжилтээ тайлагнах шаардлагатай онцлов. Хуралдаанаар багшийн хөгжлийг дэмжих гурван тулгуурт бодлого болон салбарт хэрэгжүүлэх бусад бодлогын арга хэмжээг 2027 оны төсөвтэй уялдуулах, холбогдох бодлогын баримт бичгүүдийн эцсийн хувилбарыг батлуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.
Сурах бичгийн хүртээмжийн чиглэлээр тодорхой ахиц гарч, баруун бүсийн аймгууд болон орон нутгийн ихэнх сургуульд сурах бичгийн хангалт 100 хувьд хүрсэн эерэг үр дүнг танилцууллаа. Түүнчлэн 2027 оны улсын төсөвт хотхоны бага сургуулийн санхүүжилт тусгагдан батлагдсантай холбоотойгоор ирэх оны эхнээс бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж эхлэх шаардлагатайг онцоллоо.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм



