Европын Холбоо, Энэтхэг улс худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа. АНУ-тай үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн хоёр тал харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Дели хотод Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсаны дараа X дээр “Бид бүх хэлэлцээрийн эх болсон, хамгийн том хэлэлцээрийг байгууллаа” хэмээн нийтэлжээ.
Энэхүү хэлэлцээр нь 27 гишүүнтэй Европын Холбоо болон дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Энэтхэгийн хооронд бараа бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалах боломжийг нээж байна. Хоёр тал нийлээд дэлхийн нийт ДНБ-ий ойролцоогоор 25%-ийг бүрдүүлж, нийт хоёр тэрбум хүнтэй зах зээлийг хамарна.
Гэрээний хүрээнд татварыг мэдэгдэхүйц бууруулж, хоёр талын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхээр болжээ.
Европын Холбооны мэдээлснээр энэхүү хэлэлцээр нь химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан тоног төхөөрөмж, мөн нисэх онгоц, сансрын техник зэрэг бараанд ногдуулдаг татварыг үе шаттайгаар бууруулж, ихэнхийг нь бүрэн тэглэх юм.
Reuters агентлагийн мэдээлснээр, хоёр тал далайн болон кибер аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ зэргийг хамарсан аюулгүй байдал, батлан хамгаалахын түншлэлийн төслийг боловсруулж байгаа гэв.
Европын Холбоо нь Энэтхэгийн хамгийн том бараа бүтээгдэхүүний худалдааны түнш бөгөөд 2024–2025 онд хоёр талын худалдаа 136 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн арван жилд 2 дахин өссөн байна.
Б.ЭНХЗАЯА








Гадаад







