БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх алба (KDCA) Дэгү хотод цуглуулсан шумуулын дээжээс Япон тархины үрэвслийн вирусын ген илэрсэнтэй холбогдуулан улс орон даяар сэрэмжлүүлэг зарлалаа. Вирус илэрсэн шумуул нь ихэвчлэн хот суурин газрын бохир усны шугам, хиймэл сав суулга, органик бодис бүхий тогтонги усанд үрждэг улаан өнгөтэй шумуул (Culex pipiens) ажээ. Япон тархины үрэвсэл нь халдвартай шумуулд хазуулснаас хойш 5–15 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Харин хүндэрсэн тохиолдолд тархины үрэвсэл үүсч, өндөр халуурах, таталт өгөх, саажилт болох зэрэг ноцтой хүндрэлд хүрэх эрсдэлтэй байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр хүндэрсэн өвчтөнүүдийн 20–30 хувь нь нас барах эрсдэлтэй байдаг тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм. Сүүлийн таван жилийн статистикаас үзэхэд Япон тархины үрэвслээр өвчилсөн хүмүүсийн 65.9 хувь нь 60-аас дээш насныхан байжээ.
Энэ өвчний эсрэг үр дүнтэй вакцин байдаг бөгөөд хүүхдүүдийг үндэсний товлолын дагуу бүрэн хамруулах, мөн эрсдэлтэй бүс нутагт амьдардаг болон аялж буй насанд хүрэгчдийг вакцинд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.
Мөн иргэд шумуулд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч хэрэглэх, тогтонги ус бүхий орчноос зайлсхийх зэрэг энгийн хамгаалалтын арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэхийг зөвлөжээ.







Гадаад








