Dark Light
Гадаад | 2026-09-27

ТРАМП ИРАНЫ ГАЛ ЗОГСООХ САНАЛЫГ НЯЦААЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | reuters

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт Ираны зүгээс дэвшүүлсэн гал зогсоох хэлэлцээрийн саналыг няцаасан бөгөөд Тегераны зүгээс уг саналыг хэрэгжүүлбэл Ормузын хоолойг долоо хоногийн дотор дахин нээх боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг тус усан зам нь өдгөө АНУ болон Ираны хооронд үүсээд буй, бараг долоон сар гаруй хугацаанд мухардмал байдалд орсон мөргөлдөөний гол төв цэг болоод байна. 

Трамп Цагаан ордны гадна сурвалжлагчдад мэдээлэл өгөхдөө “Би тэдний саналаас татгалзаж байна” хэмээн хэлжээ.

“Тэд санал тавьсан боловч би үүнийг хүлээж аваагүй.” 

"Тэд маш хүнд байдалд орсон тул хоолойг нэн даруй нээх тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа. Тэд хэлэлцээр хийхийг хүсэж байгаа бөгөөд миний бодлоор энэ нь зүгээр санагдаж байна. Би ч бас хэлэлцээрт дуртай."

Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод Тегеран руу буцах замдаа явж байсан Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан CBS News сувагт өгсөн ярилцлагадаа, уг саналыг Дээд удирдагч Можтаба Хаменеитэй “зөвшилцсөний үндсэн дээр” боловсруулсан гэдгийг Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан видео ярилцлагын хэсэгт дурджээ. 

Энэ долоо хоногийн эхээр Трампын элч Стив Виткоффтой уулзсан Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчийн хэлснээр, Ираны төлөвлөгөөнд Ойрхи Дорнод, түүний дотор Ливан дахь бүх байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан байна.

Тэрээр хэлэхдээ, нөхцөлүүд нь энэ оны эхээр АНУ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсантай ижил бөгөөд үүнд Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, Ираны газрын тосны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах, АНУ-ын тэнгисийн цэргийн бүслөлтийг зогсоох зэрэг багтсан гэв. 

Гал зогсоох хэлэлцээрийн долоо дахь өдөр Иран улс Хормузын хоолойг дахин нээх байжээ. 

Пезешкиан CBS сувагт “Тэднийг зөвшөөрсөн тэр өдрөөс эхлэн үйл явц эхэлнэ” гэж хэлсэн байна.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан НҮБ-д үг хэлэхдээ, "олон улсын хамтын нийгэмлэг идэвхгүй байр суурь баримталж", Ормузын болон Баб-эль-Мандебын хоолойг нээлттэй байлгах үүргээ биелүүлж чадахгүй байна" хэмээн шүүмжилжээ.

Тэрээр “Хаант улс (Саудын Араб) аль нэг тал эдгээр амин чухал гарцуудыг дарамт шахалт, заналхийлэл эсвэл улс орнуудын ашиг сонирхолд хохирол учруулах хэрэгсэл болгон ашиглахыг эрс үгүйсгэж байгаа” хэмээн онцлоод, уг усан замууд дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд ямар их ач холбогдолтойг тэмдэглэв.

Сергей Лавров гишүүн орнуудад хандаж хэлэхдээ “Орос улс бусад хариуцлагатай улс орнуудын хамт энэхүү стратегийн чухал бүс нутгийг тогтворжуулахад бүтээлч хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ. 

Нью-Йорк хотноо Пезешкиан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзсан бөгөөд түүний ажлын албаны мэдээлснээр "Иран улс хэлэлцээрийн ширээнээс гараагүй боловч өнгөрсөн үеийн туршлагаасаа шалтгаалан АНУ-д итгэхээ больсон" гэж мэдэгджээ.

Арагчи НҮБ-д хэлэхдээ: "Иран улс Катараар дамжуулан АНУ-д долоон өдрийн тодорхой төлөвлөгөөг хүргүүлсэн. Хэрэв шаардлагатай нөхцөлүүд хангагдвал тус хоолойг дахин нээж, долоон өдрийн дотор далайн тээврийн хэвийн үйл ажиллагааг сэргээх боломжтой" гэж ярьсан байна.

"Одоо сонголт АНУ-ын гарт байна. Иран улс албадлага, заналхийлэл, сүрдүүлгийг хүлээж авахгүй бөгөөд дарамт шахалтад автан өөрийн бүрэн эрхт байдлынхаа эрхээс татгалзахгүй" гэж тэрээр нэмж хэлэв.

Гэвч түүнийг ийнхүү мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа The Wall Street Journal сонин Трампыг Тегераны зүгээс тавьж буй шаардлагуудыг биелүүлнэ гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд АНУ Ираныг бөмбөгдөх ажиллагаагаа сэргээх төлөвтэй байна гэж мэдээлжээ. 

Мөн Трамп өөрийн "Truth Social" платформдоо Ормузын хоолойг тойруулан зурж, "Трампын хоолой" (Trump Strait) гэж шошголсон зургийг нийтэлсэн байна.

Ираны Хувьсгалт гвардийн хэвлэлийн төлөөлөгч Хоссейн Мохеби "Тасним" мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа: “Ираны тавьсан долоон нөхцөлийг биелүүлэх хүртэл бид АНУ-ыг шийтгэхээ зогсоохгүй” гэж хэлснийг иш татжээ.

Мохеби өнгөрсөн мягмар гарагт AFP агентлагт өгсөн онцгой ярилцлагадаа Йемен дэх байлдааны ажиллагааг зогсоох нь Тегераны шаардлагуудын нэг байсан гэж хэлж байсан юм.

Вашингтон, Тегеран хоёр зургадугаар сард дайныг зогсоох, хоолойг дахин нээх, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг эхлүүлэх зорилготой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Гэвч удалгүй Иран Ормуз дахь худалдааны хөлөг онгоцнуудыг усан замаар дамжин өнгөрөх батлагдсан маршрутаасаа хазайсан гэж буруутгаж байгаад буудсанаар уг хэлэлцээр нурсан юм.

Иран аюулгүй байдал, бүрэн эрхийн шалтгаанаар хөлөг онгоцнуудаас нэвтрэхийн өмнө зөвшөөрөл авахыг шаарддаг агаад зөвшөөрлийг биелүүлэхээс татгалзсан хөлөг онгоцнуудыг тогтмол бай болгодог бол АНУ хариу арга хэмжээ авахын тулд Ираны эргийн бүс нутгийг үе үе бөмбөгддөг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19