Dark Light
Гадаад | 2026-10-13

ПУТИН ЗЕЛЕНСКИЙГЭЭС ИЛҮҮ ДАЙН ДУУСГАХЫГ ХҮСЧ БАЙНА ГЭЖ ТРАМП ЯРЬЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс илүүтэйгээр энхийн хэлэлцээр байгуулах эрмэлзэлтэй байгааг мэдэгдлээ. Тэрээр Охайо муж руу сонгуулийн сурталчилгааны цуглаанд оролцохоор явахынхаа өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хоёр талын удирдагчид даруй ширээний ард сууж, энэ "утгагүй дайн"-ыг эцэслэх ёстойг дахин сануулсан байна.

Ерөнхийлөгч Трампын зүгээс эрчим хүчний салбарт гал зогсоох хэлэлцээрийг талууд хүлээн зөвшөөрсөн гэдгийг онцолсон бөгөөд "Энэ сард л гэхэд тус дайнд 32,000 орчим залуучууд, голдуу цэргүүд амь үрэгдлээ. Энэ бол сүйрэл" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрээр дэлхийн зах зээлийн тогтвортой байдал болон фермерүүдээ дэмжих зорилгоор Оросын дизель түлшний нийлүүлэлтийг зөвшөөрсөн шийдвэрээ хамгаалж, хязгаарлалт тогтоовол дэлхий нийтээрээ хохирно гэдгийг Бүгд найрамдах намын шүүмжлэгчдэд хандан тайлбарлав.

Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын санаачилсан эрчим хүчний гал зогсоох горимыг Оросын тал ноцтой зөрчиж байна хэмээн буруутгалаа. Тэрээр Даваа гарагт Х хуудастаа хийсэн мэдэгдэлдээ, Оросын тал Киев хотын орон сууцны барилга руу "Шахед" дроноор довтолж хоёр хүний амь насыг хохироож, есөн хүнийг шархдуулсан төдийгүй Украины шатахуун түгээх станц, эрчим хүчний дэд бүтцүүдийг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байгааг дурдсан байна. Зеленский Fox News-т өгсөн ярилцлагадаа "Энэ бол Оросын зүгээс гал зогсоох хэлэлцээрийн талаар юу ч хийхгүй гэдгээ Трампт харуулсан тодорхой дохио" хэмээн онцолж, АНУ-ыг үүнд тууштай хариу арга хэмжээ авахыг уриалжээ. 

Тэрээр мөн Украин улс эрчим хүчний салбар дахь гал зогсоох тохиролцоог баталгаажуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, АНУ-ын санал санаачилга гарсан хэдий ч Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаа үргэлжилсээр байгааг дурдан, Оросыг зохих алхам хийхийг уриаллаа.
 
Энэхүү маргаан нь Европын Холбооноос Оросын цэрэг-аж үйлдвэрийн сүлжээ болон Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт болсон сонгуультай холбоотой хүмүүст чиглэсэн хориг арга хэмжээний шинэ багцыг зарласан үед өрнөж байна.
 
Европын Зөвлөлийн мэдээлснээр, тус холбоо нийт 1569 хувь хүн болон хуулийн этгээдийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авсан бөгөөд үүнд Оросын 826 компани болон тэдгээр компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг 743 хүн багтаж байна.
 
Хамгийн сүүлийн багц нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буй Европын Холбооны хориг арга хэмжээний дэглэмийн хүрээнд бүртгэлтэй хүмүүсийн нийт тоог бараг 4600 болгож байна.
 
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас дайныг зогсооход туслахын тулд Москвад үзүүлэх эдийн засгийн тасралтгүй дарамт зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэн бол Зеленский уг арга хэмжээг "зөв бөгөөд шаардлагатай дохио" гэж сайшааж байна.
 
Үүний зэрэгцээ Трамп Оросын эрчим хүчний хангамжийг дэлхийн зах зээлийн өргөн хүрээний ашиг сонирхолд нийцэж байна гэж хамгаалсан. Тэрээр Truth Social дээрх нийтлэлдээ Европын Холбоо Орост эрчим хүчний төлбөрт 250 тэрбум ам.доллар төлсөн гэж мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг энэ асуудлаас зайлсхийж байна гэж буруутгажээ.
 
Баасан гарагт Трамп мэдэгдэхдээ, Орос улс 300 мянган тонноос дээш хэмжээний дизель түлш нийлүүлэх бөгөөд үүний дараа 11 дүгээр сард дахин 500 мянган тонн, түүний араас шууд нэг сая тонн, мөн Оросын дизель түлшний үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан богино хугацаанд нэмэлтээр гурван сая тонн түлш нийлүүлэх төлөвтэй байгааг хэлэв.
 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн АНУ болон дэлхийн зах зээлд Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай санал нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Оросын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, энэ асуудлыг баасан гарагт Путин, Трамп нарын хооронд болсон утсаар ярьсан ярианы үеэр хэлэлцсэн бөгөөд уг яриагаар Украин, Ираны асуудлыг ч мөн хөндсөн байна.
 
"Дэлхийн эрчим хүчний нөхцөл байдлын талаар хэлэлцэхдээ Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа дахин нотоллоо. Энэ нь дэлхийн эдийн засагт бүхэлд нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна" гэж Путин хэлсэн аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10