Dark Light
Гадаад | 2026-10-16

ХЯТАДЫН ТАЛ ӨВӨР МОНГОЛД ЗАРЛААД БАЙСАН ТАХЛЫН СЭРЭМЖЛҮҮЛГЭЭ ЯАРАН УСТГАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

ОХУ-ын Сибирийн Эрхүү хотын тахал судлалын хүрээлэнгийн ажилтан тодорхойгүй уушгины халдварт өвчний улмаас нас барсантай холбогдуулан Хятад болон Хонгконгийн эрүүл мэндийн байгууллагууд хяналтаа чангатгаад байсан юм. Гэвч БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрүүл мэндийн албаныхан ОХУ-аас ирж буй тахлын эрсдэлийн талаар гаргасан сэрэмжлүүлэг мэдээллээ хэвлэгдсэнээс нь хойш хэдхэн хоногийн дараа вэбсайтаасаа бүрмөсөн устгасан байна. Албаныхан уг мэдэгдлийг устгасан шалтгаанаа олон нийтийн дунд буруу ойлголт, үймээн самуун үүсэхээс сэргийлсэн алхам хэмээн тайлбарлажээ.

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс анх аравдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Сибирь дэх Эрхүүгийн тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан нас барсанд дэлхий нийтээрээ санаа зовниж байгааг дурдаж, сэрэмжлүүлэг гаргаж байв. Уг мэдэгдэлд ОХУ-ын Алсын Дорнодын тахал өвчний голомт бүхий бүс нутгуудаас ирж буй иргэдийг өөрийн эрүүл мэндээ сайтар хянаж, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл аяллын түүхээ нуулгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөсөн байжээ. Сэрэмжлүүлэг гарснаас хойш гурав хоногийн дараа буюу аравдугаар сарын 13-ны өдөр Хөлөнбуйр хотын Эрүүл мэндийн комиссоос уг мэдээллийг цахим хуудсаасаа хассан болохоо баталсан байна. Албаны эх сурвалж хэлэхдээ, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд сар бүр өвчнөөс урьдчилан сэргийлэх ердийн зөвлөмжүүдийг гаргадаг бөгөөд аравдугаар сарын 10-ны анхааруулга нь олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ээлжит сурталчилгаа байсан гээд, Хөлөнбуйр хотод ямар нэгэн тахлын дэгдэлт гараагүй тул иргэдийг төөрөгдүүлэхгүйн тулд мэдээллийг устгасан гэв. 

Хөлөнбуйр хотод 1927 оноос хойш хүний тахлын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд мэрэгч амьтдын дунд ч тахлын идэвхжил илрээгүй тул орон нутагт дэгдэлт гарах магадлал маш бага гэж үзэж байгаа ч Оросоос ирж буй аялагчдыг үргэлжлүүлэн хянаж байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн timing буюу мэдээлэл гарсан цаг хугацаа нь олон улсын анхаарлыг татсан бөгөөд уушгины тахал нь амьсгалын замаар хүнээс хүнд маш хурдан халдварладаг, антибиотик эмчилгээг яаралтай хийхгүй бол богино хугацаанд үхэлд хүргэх аюултай хамгийн хүнд хэлбэрийн тахал юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, Эрхүүгийн хүрээлэнгийн ажилтан есдүгээр сарын 29-нд уушгины хүнд хатгалгаагаар эмнэлэгт хэвтэж, бие нь хурдан хугацаанд муудсаар аравдугаар сарын 2-ны өдөр нас баржээ. Оросын эрх баригчид ДЭМБ-д мэдээлэхдээ Эрхүү мужид тахлын тохиолдол бүртгэгдээгүй, өвчтөн болон түүнтэй харилцсан хүмүүсээс авсан шинжилгээгээр аюултай эмгэг төрүүлэгч илрээгүй, лабораторийн аюулгүй байдлын осол гараагүй гэсэн байна. ДЭМБ ч тухайн тохиолдлоос үүдэлтэй халдварын тархалт илрээгүй гэсэн боловч нас барсан лабораторийн ажилтны онош яг юу байсан нь эцэслэн тогтоогдоогүй байгаа нь хамгийн том тодорхойгүй байдлыг үүсгэж байна, тиймээс лабораторийн халдваржилтын эрсдэлийг бүрмөсөн үгүйсгэж болохгүй гэж анхааруулжээ.

Зөвхөн Өвөр Монгол төдийгүй Хятадын Гуандун, Хунань мужууд болон Хармөрөн мужийн хил орчмын Суйфэньхэ хотын эрүүл мэндийн байгууллагууд ч Орост гарсан энэхүү тохиолдолтой холбогдуулан тахлаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлсэн байна. Сэрэмжлүүлэг мэдээллийг цахим хуудаснаас устгасан нь албаны дүгнэлтийг өөрчлөөгүй бөгөөд олон нийтийн айдсыг намжаахыг хичээж байгаа л хэрэг. Оросын лабораторийн ажилтны үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа тул хил орчмын эрүүл мэндийн агентлагууд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10