Dark Light
Гадаад | 2026-10-19

ТРАМП ИЗРАИЛИЙГ “НЕТАНЬЯХУГААС ӨӨР ХҮНИЙГ СОНГОВОЛ ИРАНТАЙ ӨӨРСДӨӨ БАЙЛДААРАЙ” ГЭЖ АНХААРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх аравдугаар сарын 27-нд болох Израилийн парламентын сонгуулийн өмнө тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг “бүрэн дүүрэн, тууштай” дэмжиж байгаагаа зарлалаа. Улс төрийн тодорхойгүй байдал болон Ирантай үүсээд буй хурцадмал нөхцөл байдлын дунд Нетаньяхугийн нэр хүнд Израилийн олон нийтийн дунд тийм ч тогтвортой биш байгаа энэ үед Трампын зүгээс ийнхүү хүчтэй дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлсэн байна.

Трамп өөрийн үүсгэн байгуулсан "Truth Social" платформдоо Израилийн ард түмэнд хандаж бичсэн илгээлтдээ Нетаньяхуг “Агуу дайчин Ерөнхий сайд” хэмээн өргөмжилж, Ираны эсрэг тэмцэлд АНУ-ын хамгийн шилдэг түнш байсаар ирснийг онцолжээ. Тэрээр Нетаньяхуг асар их дарамт, эсэргүүцэл дунд ч нугарч няцалгүй, улам хүчирхэгжсэн “хүчтэй, зоригтой, ухаалаг” удирдагч гэж тодорхойлсон байна.

Трампын анхааруулга: “Буруу удирдагч сонговол АНУ туслахгүй”

Хамгийн сонирхолтой нь, Трамп хэрэв Израилийн ард түмэн Нетаньяхугаас өөр хүнийг сонговол тус улс үндэсний аюулгүй байдлынхаа төлөө маш том эрсдэл хүлээх болно гэдгийг хатуу анхааруулжээ. Тэрээр "Хэрэв Израиль буруу удирдагч буюу Бибигээс өөр хэнийг ч хамаагүй сонговол Америк Ираны эсрэг ажлыг өөрөө биечлэн хийх хэрэгтэй болно. Харин надад тэгэх хүсэл алга" хэмээсэн байна. Мөн Ираны зүгээс цэргийн болон санхүүгийн чадамжаа алдсаар байгааг дурдаад, хэрэв тэд байр сууриа хурдан өөрчлөхгүй бол АНУ "ажлаа удахгүй дуусгах болно" гэж сүрдүүлжээ. Трампын энэхүү мэдэгдэл нь Ойрхи Дорнодод Ирантай хийж буй мөргөлдөөн долоо дахь сардаа үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворгүй болгож буй үед гарч байна.

Нетаньяхугийн хариу талархал

Энэхүү мэдэгдлийн дараа Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өөрийн "X" (хуучин Twitter) хуудсаараа дамжуулан Трампд видео илгээлтээр талархал илэрхийлэв. Тэрээр "Ерөнхийлөгч Трамп, миний найз Дональд, ер бусын дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Цагаан ордонд Израиль улс үүнээс илүү агуу найзтай байж үзээгүй. Бид хамтдаа Ираны дэглэмийг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй" гэж хэлээд, Трампын тууштай дэмжлэгийг өндрөөр үнэлжээ. Мөн Трампын постын доор "Бид хамтдаа даалгавраа биелүүлэх болно" гэж сэтгэгдэл үлдээсэн байна.

Трампын дэмжлэг Нетаньяхуг аврах уу?

АНУ-ын ерөнхийлөгчид бусад улсын сонгуульд хөндлөнгийн оролцоо хийж, нэр дэвшигчдийг ил тод дэмжихээс зайлсхийдэг уламжлалтай боловч Трамп энэ жишгийг өмнө нь Унгар, Аргентин, Колумб зэрэг улсуудад ч эвдэж байсан юм.

Гэвч Трампын энэхүү дэмжлэг Нетаньяхуд сонгуулийн шууд ялалт авчирна гэсэн баталгаа биш юм. Учир нь Ираны асуудлаас болж АНУ, Израилийн засгийн газар хоорондын санал зөрөлдөөнөөс үүдэн Израилийн олон нийтийн дунд Трампыг дэмжих хандлага сүүлийн үед буураад байгаа аж. Олон нийтийн санал асуулгаар аль ч нам давуу эрх олж авч чадахгүй байгаа бөгөөд Израилийн хувьд Ерөнхий сайдыг шууд сонгодоггүй, парламентад эвсэл байгуулж засгийн газраа бүрдүүлдэг журамтай.

Энэ удаагийн сонгууль нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израиль руу халдсанаас хойш тус улсад зохион байгуулагдаж буй анхны үндэсний хэмжээний сонгууль бөгөөд Нетаньяхуг суудалд нь үлдээх үү, эсвэл шинэ эрин үеийг амлаж буй сөрөг хүчнийхэн ялах уу гэдгийг шийдэх түүхэн эргэлтийн цэг болоод байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10