Dark Light
Гадаад | 2026-10-19

ТҮР ЗОГСООД БАЙСАН АНУ-ЫН ТАГНУУЛЫН МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАЛТ СЭРГЭСНИЙГ ЗЕЛЕНСКИЙ БАТЛАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Nicolas Economou/NurPhoto via Getty Images
АНУ-ын зүгээс Оросын пуужингийн цохилтоос хамгаалахад нь туслах зорилгоор Украинд өгдөг байсан чухал тагнуулын мэдээллээ түр зогсоосны эцэст буцаан сэргээсэн тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт мэдэгдлээ.
 
Украин улс Оросоос хотууд руу нь харваж буй хурдан тусгалтай баллистик пуужингуудыг урьдчилан илрүүлэхийн тулд АНУ-ын тагнуулын мэдээлэлд маш их найдаж ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл хуваалцаж байгаа хэвээр гэж мэдэгдэж байсан ч Украины албаныхан Оросын зарим цохилтууд ямар ч урьдчилсан сануулгагүйгээр орж ирсэн гэж мэдээлж байв. Зеленский NBC сувгийн "Meet the Press" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа тагнуулын мэдээлэл солилцоо хэсэг хугацаанд тасалдсан байсныг хүлээн зөвшөөрөөд, одоо "гацаанаас гарч, хэвийн ажиллаж эхэлсэнд маш их талархаж байна" гэжээ.
Трамп, Зеленский нарын ан цав гүнзгийрч байна
 
Хэдийгээр тагнуулын мэдээлэл сэргэсэн ч Зеленский Трампын засаг захиргааны бусад алхмуудад маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. АНУ Оросоос дизель түлш импортлох хэлэлцээрт гарын үсэг зурж, энэ долоо хоногт хэрэгжих ёстой байсан Оросын эсрэг хориг арга хэмжээг хойшлуулсан нь Украинд маш том цохилт болно гэж тэрээр үзэж байна.
 
Зеленский "Хэрэв АНУ албан ёсоор Оросын талд орж, энэ хоёр улс хамтрах юм бол бид дайнд тэсэж үлдэж, ялалт байгуулж чадахгүй" хэмээн хатуу анхааруулжээ. Тэрээр Трампыг Украины холбоотон хэвээр үлдэнэ гэж найдаж байгаагаа дурдаад, Трампын гаргаж буй эдгээр шийдвэрүүдийг "алдаа" бөгөөд энэ нь АНУ-д ч, Украинд ч тус болохгүй гэдгийг онцолсон байна. Үүний хариуд Трамп "Truth Social" хуудсаараа дамжуулан Оросыг хэлэлцээрийн ширээнээс мунхгаар үргээж холдуулахгүйн тулд хоригийг хойшлуулсан гэх байр сууриа дахин хамгаалжээ.
 
АНУ Украиныг холбоотон гэж үзэж байна уу?
 
АНУ-ын NBC телевизийн бүтэн сайн өдөр болгон гаргадаг, улс төрийн нэр хүндтэй "Meet the Press" хэмээх долоо хоног тутмын тойм нэвтрүүлгийн үеэр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентээс "АНУ Украиныг холбоотон улс гэж үзэж байгаа юу?" хэмээн олон удаа шууд асуусан боловч тэрээр тодорхой хариулт өгөхөөс зайлсхийжээ.
 
Бессент "Зеленский өнөөдөр өглөө заавал Украин ялах ёстой гэсэн өрөөсгөл сонголтыг тулгаж байна. Гол нь дайн дуусаж, ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрэх хэрэгтэй" гэж хэлсэн байна. Тэрээр АНУ Украинд тагнуулын мэдээлэл өгч, бусад улсуудаар дамжуулан зэвсэг нийлүүлж байгаа нь Орост олдохгүй байгаа маш том тусламж гэдгийг нэмж дурджээ. Трамп болон Зеленский нарын дундах энэхүү маргаан цаашид Киевийн хувьд байдлыг улам дордуулж болзошгүй гэсэн болгоомжлолыг олон улсад төрүүлээд байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10